Технологийн шийдлээр даатгалын үйлчилгээг хялбарчилж, түгжрэлд үзүүлэх нөлөөг бууруулах боломжтой
Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос “Жилийн хамгийн том 1️ хувь” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө” салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын төлөөллүүд болон Монголын Даатгалын холбооны гишүүн байгууллагууд оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Хот төлөвлөлттэй холбоотой олон алдаанаас гадна зам тээврийн осол авто замын түгжрэлд багагүй нөлөө үзүүлдэг. 2023 оны байдлаар улсын хэмжээнд 25,235 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 21 мянга орчим нь нийслэлд гарсан. Уг 21 мянган ослоос 2600 орчим нь замын хөдөлгөөний түгжрэлд томоохон нөлөө үзүүлж, зорчих эрчмийг бууруулсан байна. Нэгж ослыг шийдвэрлэх хугацаа 38 минут байдаг буюу бусад иргэд, жолооч нар төдий хугацаанд зам дээр гацаж байна гэсэн үг. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд жилийн 12 сарын нэг сартай дүйцэхүйц хугацааг түгжрэлд өнгөрүүлж байна. Үүнээс үүдэж иргэд эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн асуудлаараа хохирч байгаа юм. Засгийн газраас Цахим хөгжлийн багц хуулийг баталсан. Төрд байгаа мэдээллийг хуваалцаж, шаардлагатай тохиолдолд хувийн хэвшилд ашиглуулах боломжтой. Даатгалын компаниуд осол болсон газар заавал хүн явуулж, цагдаа ирэхийг хүлээж цаг алдалгүй камерын системийн тусламжтай зөрчлийг шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээр тодорхой хэмжээнд үр дүн гарна. Гэхдээ тухайн осолд гуравдагч этгээд оролцоогүй байх, хүний амь нас эрстээгүй байх гэхчлэн хөнгөн зөрчлүүдэд цаг хугацаа хэмнэх технологийн шийдлийг ашиглах юм. Мөн даатгалын компаниуд заавал хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүйгээр жишиг аргачлалаар хохирлыг барагдуулж, гэрээт засварын газраар үйлчилгээ үзүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх боломжтой” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд 08:00-19:00 цагийн хооронд нийт ослын 71 хувь нь гардаг бөгөөд зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, осолд орсон автомашин зам дээр зогсох тусам хотын замын хөдөлгөөний дундаж хурд удааширч буй. Иймд зам тээврийн ослоос шалтгаалж байгаа түгжрэлийн асуудалд эерэг нөлөө үзүүлэхээр мэргэжлийн оролцогчид буюу даатгалын компаниуд хамтран ажиллаж байгаа аж.
Монголын Даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа. Тодруулбал, зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан. Мөн даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатар хотын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн. Эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлж, төрд байгаа мэдээллийн баазтай холбон эко систем үүсгэснээр түгжрэлийг 10-15 хувиар бууруулах боломжтой. Осол болсны дараа 30 минутын хугацаанд түгжрэлийн урт тухайн байршлаас хойш 4 км сунадаг гэх тооцоо бий. Тиймээс механик ажиллагааг багасгаж, цаг хугацаа хэмнэн, түгжрэлд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шийдлээ хэлэлцэх нь чухал” гэв.
Нийслэлийн зүгээс Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-т даатгалын мэргэжилтнүүдэд зориулан камерын хяналтын систем дээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС