Л.Энх-Амгалан сайдын “сэтгэл, зүрхний боловсрол” хөтөлбөр эхлэхээсээ өмнө дуусав

0

Монголд хүчирхийллийн мэдээ ар араасаа цуварсан өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л бага насны хүүхдийг иргэнээ хамгаалах тангараг өргөсөн цагдаа нар бүлэглэн хүчирхийлж, балчир жаахан хүүхдийг хүмүүжлийн цэцэрлэг дээр нь хүчирхийлж, хөгжиж дэвших их, дээд боловсролын байгууллагад үе тэнгийн үхэр, хонь жилтнүүд нь нэгнийгээ эрэмдэглэн, эрүү шүүсэн нь тодорхой боллоо.

Энэ нь нэг талаараа хувь иргэний асуудал байж болох ч сүүлийн үеийн статистик үзүүлэлтийг харвал өөр зүйлийг илэрхийлнэ. Товчхондоо, хүүхэд, хөгшид, боловсролтой, боловсролгүй ер нь хэн нь ч хамаагүй хүчирхийлэгч болж. Ямар сайнд аа л нийтээрээ асуудалтай болчихсон юм биш үү гэж халаглана…

Эдгээр сэтгэл сэрт хийлгэм асуудлуудаар цахим хуудастаа шуугиад өнгөрөх бус ул сууриар нь өөрчлөх, төлөвлөх хэрэгтэй хэмээн хууль санаачлагчдад сануулж, ярьсаар буй.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын ээлжит чуулганы үеэр “Ямар ч байсан Засгийн газар шүгэл үлээж, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал маш далд мөртлөө маш их бугширч, хүндэрчихсэн юм байна шүү гэдгийг гаргаж тавьсан. Одоо бид ард түмнээсээ юуг нь нуух юм. Бид нар чинь 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Гэтэл өнөөдөр хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах боловсролынхоо тогтолцоог хийж чадсан юм уу. Цөм хөтөлбөрийн үр дүнг PISA-аар үнэлж байгаа нь нэг талаасаа мөн. Гэхдээ түүгээр гарч ирж байгаа үнэлгээ чинь цөм хөтөлбөрөөр хүүхдэд хэтэрхий их академик мэдлэг өгсөн байна. Доод эрэмбийн ур чадвар эзэмшүүлсэн байна гэдэг үнэлэлт дүгнэлт гарчихлаа. Тиймээс цаашдаа хүүхдэд академик мэдлэг эзэмшүүлэх биш хүүхдэд мэдлэг чадвар, төлөвшил гэсэн цогц чадамж хэрэгтэй юм байна. Мэдлэг чадвар, төлөвшлийг олгосон цогц хөтөлбөрийг хийх зайлшгүй шаардлагатай юм байна. Боловсролын шинэ сэргэлтийн зургаан шинэчлэлийн нэг нь хөтөлбөрийн шинэчлэл шүү дээ. Тиймээс С.Одонтуяа гишүүнээ нэг асуудал гарахаар л гал унтраах маягаар хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэл хийж байж л тодорхой үр дүн гарах ёстой. Мэдээж нийгэмд үүссэн асуудал, цахим гадуурхалт өдөр ирэх тусам санаа зовоож байгаа. Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар юу хийсэн юм бэ гэвэл сургуулиудад сэтгэл зүйч бэлдлээ. Төрийн өмчийн 760 гаруй сургуулийн гурван сургууль тутмын хоёр нь хоёр жилийн дотор сэтгэл зүйчтэй болсон. Ирэх хичээлийн жил гэхэд бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгоно.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд маш хүнд байгаа. Тиймээс бид сэтгэл зүрхний боловсролын хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа нь их үр дүн өгч байна. Удахгүй бид ахлах сургуулийн хүүхдүүд дээр ч бас сэтгэл зүрхний боловсрол буюу EQ-г хэрэгжүүлнэ. Тодорхой үр дүнд хүрч байна. Тиймээс цаашдаа бид зөвхөн ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд бус цэцэрлэгийн наснаас нь сэтгэл зүрхний боловсролыг олгож, EQ өндөртэй иргэдийг бэлдэх хөтөлбөрийн шинэчлэл зарлаж байгаа. Ийм хөтөлбөрийн шинэчлэлийг хийхээр үзэл баримтлалыг нь орон даяар хэлэлцүүлж, хөтөлбөр дээр суурилсан сурах бичгийг хийх ажлыг эхлүүлж байна. Бидний мэдэж байгаа тохиолдлууд нь л энэ байна. Мэдэхгүй тохиолдлууд нь асар их байгаа шүү дээ. Өдөр тутамд байгаа. Түүнийгээ нууж байгаа” гэв.

Боловсролын сайдын хувьд нийгэмд гарч буй асуудлууд нь зөвхөн мэдэгдэж байгаа төдийхөн нь. Тиймээс ул суурьтай хандаж жинхэнэ утгаараа хүнийг хайрладаг, энэрдэг, асуудлыг зөв шийддэг тийм иргэнийг бүтээхийн тулд “Сэтгэл зүрхний боловсрол”-ыг олгох нь зүйтэй. Тэр дундаа бага нас, сургуулийн өмнөх наснаас олгоно гэж мэдэгдсэн.

Санаа зөв. Гэвч сэтгэл зүрхний боловсролын хөтөлбөр эхлэхээсээ өмнө дууслаа. Учир нь, хүний төлөвшил, амьдралд чухал нөлөөтэй бага насанд энэхүү сэтгэл зүрхний боловсролыг олгох гэж байсан боловч сэтгэлгүй багшаас сэтгэл зүрхний боловсрол авах ч лөө лөө. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдөр … дугаар цэцэрлэгийн багш хүүхдийг ор руу нь шидэж, зөрөх тоолонд алгадаж, унтаж байгаа хүүхдийг алгадах зэргээр хүүхдийн бие махбод, сэтгэл санаагаар нь хүчирхийлжээ.

Үүнээс улбаалан тус цэцэрлэгийн багшийн үйлдлийг тухайн цэцэрлэгийн хүүхэд дуурайж эцэг эхийгээ унтаж байхад нь алгадан сэрээдэг болсон гэх.

Тэгвэл сэтгэл зүрхний боловсрол хэмээгээд буй EQ гэж юу вэ?

IQ нь хүний сэтгэн бодох чадвар, оюуны чадамж, потенциалыг судалдаг бол EQ нь хүний сэтгэл хөдлөлийн чадамж, өөрийн сэтгэл санааг танин мэдэх чадварыг хэлж байгаа юм.

EQ чадварт нь

1. Өөрийн бодол санааг танин мэдэх. (Self awareness)

Жишээлбэл, гэнэт идэвхгүй болох, гэнэт ямар нэг зүйлд санаа зовних, уурлах, бухимдах гэх мэт зүйлсийг мэдэрч чадаад түүндээ хяналт тавьдаг чадвар.

2. Өөрийгөө удирдах чадвар (Self control). Өөрийгөө удирдахын тулд тухайн үедээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ямар байгааг зөв олж уншсанаар зөв удирдаж явдаг.

3. Өөрийгөө идэвхжүүлэх (motivation)

Яаж өөрийгөө идэвхжүүлэх вэ?

  • Эерэг бодлын хүч (High Hopes) – Зорьсондоо хүрэхийн тулд маш хүчтэй итгэл найдвартай байх ёстой. Алдаа гаргалаа гэхэд түүнээсээ суралцаад засаж авч явж чадах итгэлтэй байх.
  • Өөдрөг үзэл бодол (Optimistic) – Аливаа зүйлийг эергээр харж чадаад алдаа дутагдал гарсан ч түүнийг боломж гэж харах үзэлтэй байх.

4. Бусдыг ойлгох чадвар (Empathy)- Харилцаанд орж буй нөгөө талаа танин мэдэж ойлгох чадвар.

5. Бусадтай харилцах чадвар- Бусдыг ойлгоод зөв харилцах чадвар (Social skill)

Эдгээр чадварыг эзэмшсэн бол өөрийгөө EQ чадамжтай хүн гэж хэлж болох юм.

Орчин үед IQ сайтай гэхээс илүүтэй EQ өндөртэй нэгэн амжилтад илүү хүрч, нийгэмд хэрэгцээтэй нэгэн болж байгаа гэх судалгаа, мэдээллүүд ч бий. Гэхдээ заавал амжилтад хүрэх албагүй. EQ сайтай хүн амжилтаас гадна нийгэмд тодорхой хэмжээний эерэг нөлөөллийг авчирна. Жишээлбэл, та хэн нэгэнтэй маргахад өөрийн уур бухимдлыг барьж, хянах чадамжтай байна гэсэн үг. Ингэснээр өөрийгөө болон бусдыг хохироохгүй. Ингээд авч үзвэл EQ-тэй иргэд нийгмийг “цэвэрлэх” нь. Өнөө хүчирхийлэл үйлдэгч, хатуу ширүүн иргэд ч цөөрөх өндөр ач холбогдолтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *