ИРГЭН Д: БНСУ-ын “цагаачлалын алба”-нд баригдсан өдрүүдэд эрхээ бүрэн хасуулж, хүүхдээ цонхны цаанаас хараад тэсэлгүй уйлж байсан

0

Манай улсын иргэдийн хувьд ажиллаж, амьдрах зорилгоор Өмнөд Солонгос улсыг зорих нь их. Гэвч тухайн иргэдийн ихэнх нь хууль бусаар ажил эрхэлж цаашлаад “харлах” тохиолдол ч олон гардаг. Сүүлийн үеийн мэдээллээс харахад, БНСУ-д байгаа 54 мянга гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь тус улсын цагаачлалын албаны үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хүргэжээ. Тиймээс БНСУ-ын Цагаачлалын алба өнгөрсөн гуравдугаар сарын эхэн үеэс тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг баривчлах ажиллагааг эрчимжүүлэн нутаг буцааж эхэлжээ.

Бид энэ удаад БНСУ-ын Цагаачлалын албаныханд баригдан, түр саатуулах байранд хоёр хоноод өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд нутагтаа ирсэн иргэдийн нэг Д-тэй ярилцлаа.

-Өөрийн тань хувьд хэзээ, ямар зорилгоор тус улсыг зорьсон бэ?

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд нөхөр, хүүхдийн хамт ажилаж, амьдрах зорилгоор явсан. Нэг жилийн аялалын мультивизтэйгээр Солонгос улс руу явсан.

-Хаана, ямар ажил эрхэлж байгаад цагаачлалын албанд баригдав? Ер нь хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг барих процесс яаж өрнөв?

-Очоод шууд л нөхөртэйгээ ажил хийж эхэлсэн. Гэвч гуравдугаар сарын 25-нд буюу нэг дэхь өдөр үйлдвэрийн ажил дээрээсээ баригдсан. Маш том үйлдвэр л дээ. Солонгос, монгол тайланд, вьетнам гээд маш олон орны хүмүүс ажиллаж байсан. Тухайн үед 10:30, 10:40 цагийн үед цагаачлалын албаныхан орж ирсэн. Яг иммегрейшн орж ирсэн гэдгийг бид ерөөсөө мэдээгүй л дээ. 13 монгол хүн баригдсан. Цагаачлалын албаныхан орж ирээд гарах гарц, цонх буюу зугтаж болох бүх гарц дээр очиж, хаалт хийж зогсдог юм билээ. Тэр үед хараар ажиллаж байсан нэг монгол охин зугтах гэж оролдсон. Тухайн үед хоёр иммегрейшн барьж аваад гавалсан. Ер нь бол зугтах ямар ч боломжгүй. Зугтах боломжгүйгээр гаднаас нь бүслэж, баривчилгаа явагддаг юм билээ. Би тэр үед яг ажлаа хийгээд сууж байсан. Надаас ирээд “пасспорт” гээд нэхээд байсан. Би хариу өгөхгүй дуугарахгүй суугаад байсан чинь утсаа гаргаж ирээд миний зургийг дарсан. Тэгсэн хэзээ, хэнтэй, ямар визээр Солонгос улсын хилээр нэвтэрсэн гээд миний талаарх бүх мэдээлэл гарч ирдэг юм билээ. Тэгээд шууд намайг гавлаад л, утас хурааж авсан. Дөрөв, дөрөвөөр нь гавлаад л бүгдийг нь автобусанд суулгасан. Тэр автобусанд бид нар бараг багтахгүй байсан. 23 хүн гэдэг чинь. Зугатах боломжгүй гэдэг үүднээс бүгдийг нь холбоод дөрөв, дөрвөөр нь гавлачихдаг юм билээ.

Тантай хамт баригдсан хүмүүс бүгд монгол хүмүүс байсан уу?

-13 монгол, гурван өнгөт арьстан байсан. Нэг жирэмсэн, хоёр бага насны хүүхэдтэй хүн байсан. Тэ хоёрынх нь нэг нь би, нэг нь 10 сартай хүүхэдтэй эгч байсан. Бид гурвыг хамгийн эхэнд нь байцаасан. Зураг аваад, биеийн өндөр, жин үзнэ. Дараа нь гарын 10 хурууны хээ уншуулсан. Бүх эмэгтэйчүүдэд нов ногоон хувцас өмсүүлдэг юм билээ. Бүх хувцас тайлуулаад, ээмэг, бөгж, зүүлт, гар утас, чихэвч гээд бүх юм хурааж авсан. Гутал хүртэл тайлуулаад, таавчиг өмсгөөд өрөө, өрөөнд нь оруулаад цоожилсон. Нэг өрөөнд 11-үүлээ байсан. Маш жижигхэн өрөөнд 11-үүлээ байсан учир маш бөгчим, амьсгалах агаар дутагдаж зарим хүмүүсийн даралт ихсэх цаашлаад суурь өвчтэй хүмүүс ч байсан. Жирэмсэн эмэгтэй хүртэл тэр өрөөнд хоёр хоносон. Ер нь бол хүний эрх гэдэг зүйл тэнд ерөөсөө байгаагүй. Миний хувьд хоёрхон хоног хэрнээ эрхээ бүрэн хасуулсан. Нялх хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйг хүртэл тоохгүй тэнд байлгасан. Хоол хүнсний хувьд тэнд хоносон хоёр хоногийн хугацаанд дандаа хүйтэн хоол, хүйтэн ус өгч байсан. Хүмүүсийн даралт нь ихсээд, халуун ус уумаар байна, ядаж халуун цай биш юм аа гэхэд халуун ус өгөөч гэж гуйхад өгөөгүй. Нэг удаагийн шампунь, оо, сойз зэрэг зүйлс гуйхад жижигхэн цонхоороо шидэж өгч байсан. Ер нь бол бид нартай маш зүй бус харьцаж байсан.

-Ар гэрийхэнтэйгээ уулзах, утсаар ярих боломж гарсан уу?

-Тэнд байх хугацаанд нэг хүн нэг удаа л гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжтой. Ер нь бол биднийг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байх явцад цагаачлалын албаны хүмүүс биднийг даапаалсан, шоолсон тийм янзтай байсан. Ар гэрийхэнтэйгээ уулзсан хүмүүс чинь мэдээж уйлна. Яг тийм үйл явцыг хараад шоолсон өнгө аястай байсан. Би хүүхэдтэйгээ уулзах үедээ хүүхдээ хараад уйлахад намайг шоолоод л бах тав нь ханасан байдалтай байсан. Кинон дээр гардаг шоронгийн үйл ажиллагаа ямар байдаг, яг тийм л байсан. Цонх, бүх юм нь торлочихсон, усанд орох душ нь хүртэл шилэн. Тэр 11 хүний өмнө шууд хувцасаа тайлаад усанд орох хүн байхгүй шүү дээ.  

Ханан дээрээ “2021 оны тэдэн сарын тэдэнд баригдсан, төрөлх нутаг минь сайхан байсан бол бид хүний нутагт ирж ингэж зовохгүй байлаа” гэх мэтчилэн хүмүүс зовлонгоо ханан дээр бичсэн байсан. Мөн “Энэ иммегрейшний газар 8 хонолоо, 10 хонолоо, 20 хонолоо” гэх мэтчилэн. Ер нь бол ар гэрээс нь хүмүүс ирээд, мөнгийг нь бэлнээр өгөөд, чемодантай хувцасыг нь өгөхгүй л бол тэнд хоёр, гурван сар болох тохиолдол маш их байдаг юм билээ. Тэнд бол би ой 10 сартай хүүхэдтэй, 10 сартай хүүхэдтэй эгч, жирэмсэн гээд гурван хүнд нөхцөлтэй хүн байсан. 10 сартай хүүхэдтэй эгчийн хувьд анх удаа хүүхдээсээ хол байсан учраас хөхнийх нь сүү бараг өмдөө хүртэл гоожчихсон. Миний хувьд хүүхдээ төрүүлсэн цагаас хойш нэг ч удаа хүүхдээсээ хол байж үзээгүй. Тэр хоёр хоногт хол байхдаа хүүхдийнхээ зургийг харах байтугай утсаар ч ярьж чадахгүй хоёр хоноход аймаар бачимдмаар, хэцүү хүнд байсан. Маргааш өглөө нь хүүхэдтэйгээ цонхны цаанаас уулзаж, телефоноор ярихад өөрийн эрхгүй аймар их уйлсан. “Хүний нутагт ирээд, хүүхэддээ бас ийм юм үзүүлээд, эрхээ ингэж хасуулах гэж дээ” гэж их бодогддог юм билээ. Тэр үед ярихад манай хүүхэд тэр шилний цаанаас “ээж ээ, ээж ээ” гээд над дээр ирэх гээд, гараа сунгаад л..

-Нутаг буцх үеийнхээ үйл явцаас яривал?

Нутаг буцах үед манай нөхөр хүүг маань надад авчирж өгсөн. Би хүүгээ тосож авах гээд өмнөөс нь очих гэтэл “чи цааш аа ор, суу” гэх мэтчилэн түлхээд, зандраад байнга гарнаас татаж, чангаагаад байсан. Би сүүлдээ “байж бай л даа, би хүүхдээ аваадахъя” гэтэл манай хүүхдийг ааваас нь авчихсан. Танихгүй хүн дээр ирж байгаа хүүхэд чинь уйлна шүү дээ. Манай хүүхэд тэр үед аймаар чанга уйлаад над дээр ирсэн. Яг тийм процессийг харах үнэхээр хүнд юм билээ. Автобус бол битүү тор байсан. Манай хүүхэд тэр торноос нь бариад, тоглоод явж байгааг харах үнэхээр муухай мэдрэмж байсан. Буцах болоод яг онгоц руу орох үед л бидний гавыг тайлж, утас буцааж өгсөн. Онгоц руу ороход энд тэндээс маш олон баригдсан монголчууд байсан.

-Эх орондоо газардах үед төрсөн мэдрэмжээ хуваалцвал?

-Яг газардахад “монгол орондоо газардлаа” гээд хэлэхэд жишээ нь найман жил Солонгос улсад ажиллаж, амьдраад ирсэн хүмүүс бол уйлцгааж байсан. Эх орондоо ирээд… Бид бол харь орноос хөөгдөөд ирж байгаа хүмүүс шүү дээ, үнэнийг хэлэхэд. Тэгэхэд уйлцгаагаад л.. Хүүхдээ тэврээд бууж байх үед “эх орондоо тавтай морил” гээд хэлэхэд….\уйлав\ Солонгост ажиллаж байгаа монголчууд бол тэр чигээрээ л их дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ ажиллаж байсан тийм хүмүүс л  байгаа шүү дээ. Миний хувьд л гэхэд би МУИС-ийг төгсөөд, мэргэжлээрээ дөрвөн жил ажилласан. Залуу хүмүүс учраас арай хурдан хугацаанд байрныхаа өрийг даръя гээд л Солонгос улсыг зорьсон. Бүх хүмүүс л ер нь тийм бодолтой. Тэнд залхуурч байгаа монгол хүн огт байхгүй. Бүгд өглөөний 04:00, 05:00 цагт босоод л ажилдаа явдаг. Тэнд авж байгаа цалин нь арай дээр, орчин нь өөр байгаа учраас л монголчууд харийн орныг зорьж байгаа. Энд бол бидний авч байгаа цалин, нөхцөл нь хүнд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *