Б.Сарантуяа: Б.Чинбатын бие бүрэн эдгэж амжаагүй байхдаа цочирдом мэдээ сонссон болохоор эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байгаа байх
МУГЖ Б.Сарантуяа 2000 оноос хойш өөрийн төрсөн өдрийн уламжлалт тоглолтоо хийж байгаа бөгөөд энэ жил дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд “Сэтгэлийн хөг” нэртэй тоглолтоо сонсогч нартаа зориулан тоглохоор болсон байна. Тэрбээр тоглолтынхоо талаар мэдээлэл өгөх үеэрээ,
“Хүмүүс ихэвчлэн муу зүйл болохоор л гомдлоо бичдэг болж. Хамтран ажиллахад сайн, сайхан байсан үеээ дурдаж байх нь зөв юм болов уу гэж боддог. Бас бид мэдээллийг нэг талаас нь авч байна. Залуу дуучин И.Мишээл, Б.Чинбат нарын асуудалд хандахад, Б.Чинбат маань элэг шилжүүлэн суулгасны дараа элэг нь бүрэн төлжиж амжаагүй, эмчилгээ нь 100 хувь дуусаагүй байхдаа цочирдом мэдээ сонссон болохоор эрүүл мэндэд нь маш муугаар нөлөөлж байгаа байх гэж бодож байна. Энэ нь манай рок попын уур амьсгалд сөргөөр л нөлөөлнө шүү дээ.
Мөн биед нь гар хүрнэ гэдэг бол хэзээ ч байж болохгүй зүйл. Тиймээс багш шавь нар нь хоорондоо учраа олж зөвшилцөх байх гэж бодож байна. Гүйцэд ярилцсаныхаа дараа сошиал орчноор цацах ёстой байх. Мөн гомдолтой бол хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.
Түүнээс гадна урлаг гэдэг бол хатуу самар шүү дээ. Би тийм хатуу замнал туулаагүй ч гэсэн өөрөө дуртайдаа энэ замналаар явсан учраас гоншигноод байдаггүй. Залуу дуучид өөрөө өөрсдийнхөө төлөө дуулж байгаа, бидний төлөө биш шүү дээ. Тиймээс өөрсдийнхөө имиджийг ч хүртэл бодох хэрэгтэй.
Мөн өмнө нь дуучин Д.Болдыг залуу дуучдын хөдөлмөрийг шулсан гэж яригдсан. Д.Болд олон дуучин төрүүлсэн учир их л олон зүйлээ зориулсан байх. Тиймээс энэ нь үр өгөөжөө өгөөгүй учраас тооцоотой болсон юм байна гэдгийг сүүлд ойлголоо л доо. Гэхдээ миний хувьд ямар ч хүн ажил хийж байгаа бол үнэлэмж заавал байх ёстой гэж боддог” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.