БСШУСБХ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.04.24/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10 цаг 42 минутад эхэллээ. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хэлэлцэх асуудлаас Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хойшлуулж өгөхийг хүсэв. Уг хуулийн төслийг хойшуулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь дэмжиж, хойшлуулахаар боллоо.
Харин дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд Улсын Их Хурал Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд баталж, эрх зүйн орчинг зохицуулсан талаар дурдав. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг баталснаас хойш нийтдээ найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч хөрөнгө, санхүүгийн хомсдол, салбарын бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоо сул, удирдлага, бүтэц, зохион байгуулалтын оновчгүй байдал зэргээс шалтгаалан дэвшүүлсэн зорилт, үр дүнд хүрэхгүй байна. Шинжлэх ухааны салбарт 1993-2022 онд нийт 178,6 тэрбум төгрөгөөр 4688 төсөл хэрэгжүүлж, 54934 шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон. Үр дүнд нь патент 352, ашигтай загвар 304, зохигчийн эрх 166, бүтээгдэхүүний загвар 700, технологи 768, тоног төхөөрөмжийн туршилтын загвар 233, ном бүтээл 2473, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ТЭЗҮ 148, стандарт, зөвлөмж, заавар, аргачлал 3532, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр дүн 723-г баталгаажуулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/48 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсэг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа зарим шаардлагатай нэр томьёог шинэчилж, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн болон бүс, орон нутагт хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхой болгож, УИХ, Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний зөвлөл, Үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн агентлаг, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан болон шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний тогтолцоо, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын зохицуулалт, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний судалгаа хөгжүүлэлт төсөл, суурь шинжлэх ухаан, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, технологийг дэмжих, шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулалт; шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны авьяастныг нээх, эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн баталгааг хангах зохицуулалт; шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүргийн зохицуулалт; хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх болон хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцсэн тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна. Түүнчлэн, шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг нар шинжлэх ухааны салбарын төсвийн хэмжээ, шинжлэх ухааны сан бүрдүүлэлт, эрдэм шинжилгээний байгууллагын талаар асуув. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, шинжлэх ухаан, технологийн сан зайлшгүй байх шаардлагатай, байгаа төсөвтөө тааруулан судалгаа явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус сангаас санхүүжүүлсэн элэг шилжүүлэн суулгах болон ганд тэсвэртэй Дарханы сорт зэрэг үр дүнд хүрсэн төслүүд нь улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, олон тэрбум төгрөг хэмнэж байна. Манай шинжлэх ухаан, технологийн сан нь Азийн шинжлэх ухааны байгууллагууд дунд 22 дугаарт эрэмбэлэгддэг хэмээн хариулав.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, шинжлэх ухааны технологийн хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, багаас нь бэлтгэснээр ирээдүйн эрдэмтдийг бий болгоно. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагуудын уялдаа холбоог хэрхэн зохицуулсан, шинжлэх ухааны ажилтнуудын цалин, хөлсний бодлого, эрүүл өрсөлдөх орчин, зөв хамтралыг бүрдүүлэх, санхүүжилт зэргийг тодруулж асуув. Манай улс байгалийн ухааны сургалтаар хоцролттой явааг судалгааны дүн харуулсан тул бага, дунд ангийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны чиглэлийн хичээл, сургалтыг түлхүү нэвтрүүлэх, авьяастанг илрүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг салбарын сайд танилцууллаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг дэмжихээ илэрхийлээд эмнэл зүйн судалгаа манай улсад байдаггүй. Бусад салбарт ч иймэрхүү байдалтай байгаа. Шинжлэх ухааны салбар хороог Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай заалтыг дэмжинэ. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн асуудлыг зайлшгүй тусгах шаардлагатай, ингэснээр салбар хоорондын уялдааг зохицуулах боломжтой гэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, шинжлэх ухаан, технологийн санг салбар тус бүрийн яаманд харьяалуулах нь дээр гэсэн санал гаргаснаа сануулахын зэрэгцээ салбарын болон технологийн өөрчлөлттэй уялдсан шийдвэрийг тухай бүрт гаргаж хэвших нь асуудлыг шийдэхэд тустай хэмээв. Шинжлэх ухааны судалгааг эхлүүлсэн ч санхүүжилтгүйн улмаас үр дүнг нь хэрэгжүүлдэггүй, “Үхлийн хөндий” буюу үр дүнгүй үлддэг байдлыг энэ хуулийн төсөл зогсооход дэмжлэг үзүүлнэ гэж Ажлын хэсэг хариуллаа.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, урьд өмнө нь боловсролын сангийн зээлийг давуу эрхээр олгосон, хууль зөрчсөн асуудал гарч байсан, үүнийг давтагдахгүй гэх баталгаа бий эсэх, шинжлэх ухааны салбарт ёс зүйн зөрчил гарахгүй байх боломжтойг лавлав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, шинжлэх ухааны цогцолборыг 150 тэрбум төгрөгийн өртөгтэй барьж, удахгүй ашиглалтад оруулна. Төрөлжсөн ахлах сургуулиудыг бүх аймгийн төвд байгуулахаар хуулиййн төсөлд тусгасан. Сангуудыг шилэн болгож, ил тод байлгах тогтолцоог бүрдүүлсэн. Докторын ажлуудыг шүүж үзэж, оюуны хулгай байгаа, үгүйг шүүж үзнэ гэсэн мэдээллийг өгөв.
Хуралдаан ийнхүү асуулт, хариултаар үргэлжилсний эцэст дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжлээ. Төслийн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Спортын салбарт хөрөнгө оруулсан бол 6 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг эдэлнэ
Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтад Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тусгасан. Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлэх шаардлага үүссэн.
Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг 8 удаа, ажлын дэд хэсгүүд 20 гаруй удаа хэлэлцэж, 8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулжээ. Нээлттэй хэлэлцүүлгийг спортын 68 холбоо, судалгааны 5 байгууллага, аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын 30 удирдах ажилтан, 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, хувийн хэвшлийн 20 орчим төлөөлөл, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчдийг оролцуулан зохион байгуулж, дэвшүүлсэн саналын 72 хувийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг “Алсын хараа-2050”-д уялдууулан “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтыг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд “Сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох”, “Зөв дадал хэвшлийг дэмжих” гэж тусгасан нь зөвхөн төрийн бодлого, дэмжлэгээс гадна хувь хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо чухал болохыг тодорхойлж, “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл” гэсэн шинэ бүлгийг нэмсэн.
Спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, аргазүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөхөөр хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд заажээ. Тухайлбал, спорт холбоо бүр өөрийн ёс зүйн зөвлөлтэй байх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх, бусад арга хэмжээ авах зэрэг заалт оруулсан. Монгол Улсын Засгийн газраас допингийн эсрэг үйл ажиллагаанд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгаж, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, ажлын уялдаа холбоо, хяналт, тэнцлийг боловсронгуй болгох, допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулах бүлгийг боловсруулсан. Ингэхдээ Дэлхийн допингийн эсрэг байгууллага буюу WADA-тай харилцан зөвшилцсөн хэмээн танилцууллаа. Спортын салбарт хөрөнгө оруулж буй компаниудад аж ахуйн нэгжийн орлогоос төлөх татвар, гаалийн тарифын хөнгөлөлт зэрэг 6 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодын үйл ажиллагааг зохицуулсан 8 заалтыг шинээр оруулсан. Мөн сум, дүүрэг бүрт биеийн тамирын аргазүйч ажиллуулна. Улсын хэмжээнд 430 орчим спортын аргазүйч ажиллуулах хэрэгцээ үүснэ. Биеийн тамирын үйлчилгээг иргэн бүрд хүргэх боломж нээгдэнэ хэмээн танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад тус Байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нарын төхөөрөмж гацсан тул өмнөх санал хураалтуудыг хүчингүйд тооцож, дахин санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Монгол Улсын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2-т “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй улс болно. Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах төсөл хэрэгжүүлнэ…” гэж, 4.2-т “Бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ” гэж, 9.5-д “соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, соёл, урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна” гэж заасан. Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэж, уг судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Тус салбарт 11 697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс 5665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай улсад соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна. Тиймээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохыг зорьжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасныг баримтлан Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураахад хуралдаанд ирсэн гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ
Мөн өдрийн хуралдаанаар Байнгын хороо цаглавар батлах тогтоолын төслийг баталсан юм. Харин дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос өргөн барьсан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар тусгасан санал, дүгнэлт, мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидийн танилцуулснаар бол Комиссын 23 дахь илтгэлд 7 бүлэг сэдвийн хүрээнд шийдвэр гаргуулахаар 54 саналыг УИХ-д өргөн барьжээ. Илтгэлийн хоёрдугаар бүлэгт боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын судалгааг оруулж, улмаар бодлогын шийдвэр гаргуулахаар 9 саналыг тусгасан. Монгол Улс 2023 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 96-д, боловсролын индексээр 189 улсаас 103 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна. Стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлтэй сургууль олон байгаа бөгөөд анги дүүргэлт нийслэл, орон нутагт тогтоосон нормоос хэтэрчээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж байршуулах, тоглоом, тоглоомын талбайн хүртээмж, аюулгүй байдлыг хангах, багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, багшийн хөгжлийг дэмжих шаардлагатай гэж үзжээ. Цэцэрлэгийн хоолны чанар, хүртээмж, нэр төрлийг олшруулж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой судалж, олон талын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх, өдөр өнжүүлэх үйлчилгээний шаардлага, стандарт, хуулийн зохицуулалт, хяналт тавих механизмыг бий болгож, зөрчлийг арилгах шаардлагатай. Боловсролын салбар дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт нь суралцагчдын эрхийг зөрчиж байгаа. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад орчны хүртээмжийг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгардаг бэрхшээлийн талаар багш, ажилтнуудад мэдлэг, ойлголт олгох хэрэгцээтэйг, хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллага дахь хүүхдийн сурч боловсрох, хөгжих, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байгааг танилцуулав.
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.9 дэх заалтад зааснаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах, боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгож, журамлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийжээ. Малчин өрхийн хүүхдүүд бага боловсролыг гэртээ ойр эзэмших, суралцагч цахим, зайны зэрэг бусад хувилбарт боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бодитой үр дүн гаргах шийдвэр гаргах зэрэг саналыг Хүний эрхийн Үндэсний Комисс илтгэлдээ тусгажээ.
Илтгэлийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг хэлэлцээд, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болсноор Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан 13 цаг 48 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.