Монгол залууг бүлэглэн зодсон БНХАУ-ын 10-аад иргэн Д.Бум-Очирын нэрээр хэргээс “мултрах”-ыг оролдож байна

0

Гурван монгол залууг БНХАУ-ын арав гаруй иргэн бүлэглэн зодож, танхайрчээ. Гэвч цагдаагийн байгууллагад хариуцлага хүлээхээс татгалзаж, хохирогчдыг гомдлоо тат гэж шахан, давхар Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очирын нэрийг барьж, өөрсдийгөө хаацайлж буй гэх мэдээлэл байна.

-Цагдааг ч цохиж, гар утсыг нь хагалжээ-

Энэ үйл явдал өнгөсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 20-ны 23.30 орчим цагт болжээ.

Баянзүрх дүүрэг, ХХААХҮЯ-ны хойно байрлалтай хятад рестораны үүднээс зодоон эхэлсэн байна. Эхэнд 10 гаруй тооны БНХАУ-ын иргэд хоорондоо муудалцаж (зарим нь монголоор ярьж байсан гэх) байжээ. Харин гурван монгол залуу тэднийг хараад, “Болиоч”, “Нэгнээ дээрэлхэх дэмий” мэтээр хэлж очсон байна. Ингэхэд тэдэнтэй ч мөн сөргөлдсөн бөгөөд, “Цагдаа дуудна” гэхэд нь монгол залуусын нэгийг цохиод авчээ.

Улмаар зодоон эхэлсэн.

Камерын бичлэгт харагдаж буйгаар, олноор нийлж, гурван монгол залуугийн хоёрыг газар унаган дэвсэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр, залуус сүүлдээ зугтаж, машин зам хөндлөн гарсан ч араас нь хөөж очоод, дахин бүлэглэн зодсоор байж.

Цагдаа иржээ. Гэвч зодоон хийж буй залуус тэр цагдаагийн ажилтныг ч мөн цохиж, гар утсыг нь хагалсан гэх мэдээлэл байна. Улмаар 10 гаруй тооны БНХАУ-ын иргэдийн тав нь, монгол залуусын хамт БЗД-ийн цагдаагийн хэлтэст тэр шөнөө очиж байцаагджээ.

-МУИС-ийн Антропологийн тэнхмийн докторантууд хэргийг үйлдсэн гэх-

Ингэхэд таван залуугийн нэгийг эрүүлжүүлсэн. Үлдсэн дөрөв нь “Та нарыг хөөж очоод ална” гэх мэтээр сүрдүүлсээр байсан гэх мэдээлэл байна.

Хамгийн анхаарал татаж буй нь, тэдгээр БНХАУ-ын иргэд нь МУИС-ийн Антропологийн тэнхмийн докторантууд байж болзошгүй гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна.  Антропологийн тэнхмийн эрхлэгч нь Др. Д.Бум-Очир. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх.

Харин танхайрсан БНХАУ-ын залуус цагдаагийн байгууллагад түүний нэрийг барьж, хэрэг үүсгэлгүй өнгөрөөхийг шахаж байгаа талаар тэндхийн эх сурвалж мэдээлж буй юм. Тухайлбал, одоог хүртэл хэрэг нээгээгүй, хохирогчдоос мэдүүлэг авч эхлээгүй байгаа аж.

Мөн БНХАУ-ын иргэд хохирогчдын гар утсыг олж аваад, утсаар дарамталсан гэгдэв.

-Д.Бум-Очирын нэрийг барьж, хэргээс мултрахыг оролдов уу-

Бид зодуулсан монгол залуусын нэгтэй холбогдож, мэдээллийг тодруулах гэсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзав. Тэрбээр “Ямартай ч нүүрээ хамгаалаад л хэвтсэн. Зодоод л байсан. Цагдаагаас мэдүүлэг аваагүй байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээсэн юм.

МУИС-ийн Антропологийн тэнхимд гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэд олноор ирж суралцдаг.

Хэдий хоёр орны найрсаг харилцааны асуудал энд сөхөгдөх ч өөр хөндүүр сэдвүүд олон. Өөрийн биш өөр улсын нутаг дэвсгэрт, тухайн улсын иргэнийг бүлэглэн зодчихоод, цагдаагийн ажилтантай ч зүй бусаар харилцаж, тэр дундаа “Ерөнхийлөгчийн зөвлөхийг би танина” гэх мэтээр хариуцлага хүлээхээс татгалзаж буй нь анхаарал татна.

Мөн зодоон үйлдсэн гэх БНХАУ-ын иргэнтэй холбогдон, нөгөө талын байр суурийг тодруулахад “Бид 10-уул байгаагүй. Дөрвүүлээ байсан. Өвөрмонгол хүмүүс. Бусад танихгүй хүмүүс зодоонд ирж нэмэгдсэн. Бид уулзаж, тохиролцохоор хичээж байгаа” хэмээлээ.

Манай хуулийн байгууллага ч, МУИС-ийн Антропологийн тэнхим ч ийм асуудалд ул суурьтай, зарчмын дагуу прагматик хандах нь зүй. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *