СОЁЛЫН ДОВТОЛГОО №64: Орон сууцны хорооллыг хогийн цэг болгохоо болино уу
Дөрөвдүгээр сарын 16. Улаанбаатар хот, Хархорин хороолол, 17:30 цаг орчим. БГД-ийн 29-р хороо, 51-р байр буюу орон сууцны хорооллын нэг давхарт гал гарав. Гал гарсны улмаас эхүүн үнэр гарч буйг ойр орчимд явж байсан иргэн анзаарснаар 101 дугаарт дуудлага өгчээ.
Мөн тус орон сууцны нэг давхарт байрладаг үйлчилгээний газруудад ч мөн мэдээлж, тэд гал унтраах хэрэгслээ авч гараад галыг унтрааж эхлэв.
17:50 цагт СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ирэв. Тэднийг орон сууц руу нэвтрэх авто замын уулзвараас эхлэн иргэд, оршин суугчдын үүрэг, хариуцлагад учир дутагдал байгаа нь тод анзаарагдана.
ГАЛЫН МАШИНД ЗАМ ЧӨЛӨӨЛЖ ӨГНӨ ҮҮ
Гал унтраах хоёр машин ирсэн бөгөөд тэдний урд яваа автомашины жолооч нар зам тавьж өгөхгүй удсаар байтал орон сууц руу нэвтрэх уулзварт гурван минут саатав.
Хүн гурван минутад хэд алхах боломжтойг та дотроо төсөөлөөрэй. Бараг секунд тутамд нэг алхах боломжтой шүү дээ. Гэтэл хүн нэг алхаж байхад гал 360 градуст хоёр алхах хэмжээгээр хурдан тархдаг гэдэг. Тиймээс ч гал унтраах ажиллагаа секунд тутмаар хэмжигддэг гэж албаныхан байнга мэдээлдэг байна.
Жолооч нар замыг удаан чөлөөлсөн нь тэдний зөвхөн болхи хөдөлгөөнөөс л болоогүй. Замын зорчих хэсэгт машинаа байрлуулсан хүмүүсийн үйлдлээс болж зам чөлөөлөхөд маш хүндрэлтэй байсан юм.
Ингэж удсаар тус хоёр машины нэг нь л гал гарсан хэсэг рүү нэвтэрч орсон бөгөөд азаар оршин суугчид, ААН-үүдийн ажилтнууд идэвхтэй ажилласнаар галыг намжааж амжжээ. ААН-үүд буюу үйлчилгээний газруудын худалдагч, үйлчлэгч нар ажлын байранд гал унтраагуур байсан тулдаа л галыг дарлаа гэцгээв.
ТАМХИА ЗӨВХӨН ЦЭГТ НЬ ТАТНА УУ
Одоогоор юунаас үүдэж гал гарсан шалтгаан тогтоогдоогүй байгаа ч оршин суугчид унтраагаагүй тамхины ишнээс болсон гэж үзэж байлаа.
Өөрөөр хэлбэл тухайн гал гарсан хэсэгт тамхины цэг байхгүй ч ААН эрхлэгчид болон үйлчлүүлэгчид ирж байнга татдаг гэдгийг оршин суугчид онцлов. Тэд татсан тамхиныхаа ишийг доороо хаяад явдаг нь орчныг бохирдуулдаг гэдгийг ч хэлж байлаа.
Гал унтраагчид ажиллаж дуусаад онгойлгосон төмөр хашааг хааж, битүүмжлээд тус хэсэгт байсан тамхины ишийг цэвэрлэсэн байв. Гэвч цаг гаруйн дараагаас л тухайн хэсэгт иргэд тамхи татаад эхэлсэн байв. Энэ тухай баримтыг дараах зургуудаас харж болно.
СОНИУЧ ХҮН ТА ГАЛЫН БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ
Гал унтраахаар албаныхан ажиллаж байхад насанд хүрэгсэд болон, хүүхдүүд тэднийг тойрон зогсжээ. Гал маш хурдан тархдаг учраас тойрон ажиглаж байхад ч өмнөөс тань дүрэлзэж болзошгүй гэж аюулгүй талбайд очихыг зөвлөж байна.
Гал түймэр бол үзмэр биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв танд гал сөнөөгчид хэрхэн ажилладаг тухай мэдээлэл хэрэгтэй бол гал унтрааж байгаа талбайг яг дэргэдээс нь ажиглахаас бусад эх сурвалжийн мэдээллийг олж авахыг хичээгээрэй.
ХОГИЙГ ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТЫН САВАНД ХАЯНА УУ
Гал гарсан газрыг зураглавал п үсэг шиг хэлбэртэйгээр байрласан гурван орон сууцны барилгын дунд өргөн зай бий. Энэ байрлалаас ам буюу гарц гэж хэлж болохуйц хэсгийг бор өнгийн төмөр хаалтаар битүүмжилжээ.
Мэдээж битүүмжтэй тул тухайн хэсэгт юу байгааг харах боломжгүй байлаа. Орон сууцыг бүрэн тойрсоор хашааны завсраар дараах зургийг авав.
Энд хур хог овоорчээ. Хогийг ажиглавал телевизийн хайрцаг, өндөгний цаасан суурь гэх зэрэг ахуйн болон барилгын материалын хог хаягдал байв.
Хачирхалтай нь тус талбайг хүрээлж буй аль орон сууцны барилгуудын цонх энэ зүгт “хандаагүй” аж. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн санамсаргүй байдлаар хэн нэгэн цонхоор хог шидээгүй гэмээр. Тухайлж хашааг давуулан хог хаясан гэхүйц харагдана.
Мөн дээрх зургаас анзаарвал тус овоорсон хог шатсанаар гал гарч, орон сууцны суурь хэсгийг шатаажээ. Барилгын гадна дулаалгад ашигладаг хөөсөнцөр хавтан шатаж эхлэхэд унтрааж амжсан аж. Хэрэв амжаагүй бол зэргэлдээх байрууд руу гал үсэрхийлж, оршин суугчдын амь насанд эрсдэл учруулж болзошгүй байна.
Дээрх нийтлэлд бичсэнтэй ижил оршин суугчид, хувь хүний ухамсартай холбоотой хэлэх санал, хүсэлт байгаа бол доорх сэтгэгдэл хэсэгт бичнэ үү.
Эх сурвалж: gogo.mn