Банкууд зээлээ төлөөгүй иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж “Танай ажлын даргад мэдэгдэнэ“ гэж дарамталжээ
Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.04.25/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хүний хувийн мэдээлэлтэй холбоотой ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийн мэдээлэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдаад хуулийг хэрэгжүүлэх механизм ХЭҮК-т ирсэн. 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр тус хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд ХЭҮК-т 53 гомдол, мэдээлэл ирсэн. ХЭҮК-т иргэдийн зүгээс ямар гомдол мэдээлэл ирдэг вэ гэдийг товч танилцуулъя. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж “Танай байгууллагын даргад мэдэгдэнэ” гэж дарамталсан тохиолдол гарсан. Ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн өрөө, спорт заалны хувцас солих өрөөнд хяналтын камер суулгасан байсан.
Үүнийгээ сургуулийн удирдлагууд “Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд суурилуулсан. Сургуульд дээрэлхэлт явагддаг. Тамхи татдаг, янз бүрийн асуудал үүсдэг” гэж тайлбарласан.
Гэхдээ ариун цэвэр болон хувцас солих өрөө хүний эрх зөрчигдөх ёсгүй. Үүнээс гадна Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хяналтын камерыг зөвхөн орон сууцны орох, гарах хэсэгт байршуулна гэж заасан. Гэтэл тухайн барилгын давхарт 4-6 өрхийн орох гарах хэсэгт камер тавьсан байсан. Ингэснээр дээрх хүмүүсийг ажилдаа хэзээ явж, хэдээс ирдэг гэх хувийн мэдээллийг тагнах боломж бүрдсэн гэсэн үг.
Автомашины ломбардын үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэрээгээр тухайн автомашиныг өөрийн өмчид авсан мөртлөө байршил тогтоогч суулгасан тохиолдол гарсан. Суурилуулахдаа тухайн хүнд хэлээгүй байсан. Ийм тохиолдолд ХЭҮК-ын зүгээс маш хатуу байр суурьтай байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн дагуу хүнийг хууль бусаар мөрдөж мөшгих, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан.