Эмийн “мафиуд”-ын толгойг илэх үү, хариуцлагад татах уу?
Монгол Улс дахь эмийн зах зээл “мафиуд”-ын гарт орсон гэдэг дүгнэлтийг УИХ-ын нэр бүхий гишүүд хийсэн нь сүржин сонсогдож мэдэх ч “Эмийн сонсгол”-оор ил болсон мэдээллээр Эрүүл мэндийн дэд сайдаасаа эхлээд хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн нь хуулийн байгууллагын хувьд заавал шалгах ёстой асуудал юм.
Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Цэцэгсайханы мэдээллээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар шаардлага хангахгүй оношлуур худалдан авахад тэрбум, тэрбумаар нь хөрөнгө хаяжээ. Энэ тухай тэрбээр “2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд эрх шилжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаалаар Covid-19 цар тахлын үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах эрх олгогдсон. Үүний дагуу оношлуур худалдан авах даалгавар авч, 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарлаад байтал Эрүүл мэндийн сайд С.Энхболд /одоо Эрүүл мэндийн дэд сайдын алба хашиж байгаа/ “Тендерийг цуцал. БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулаад 200 мянган ширхэг оношлуур яаралтай худалдан авч онгоцоор тээвэрлэн авч ир” гэдэг үүрэг даалгавар өгсөн. Оношлуурыг буулгасны маргааш дахин 1.5 тэрбум төгрөгт багтаан оношлуур авах үүрэг өгсөн. Тухайн үед Лабораторийн салбар зөвлөл оношлуур дээр мэдрэг чанар нь 20 хувьтай юм байна. Улаан бүсийн өвчтөнүүдийн 10 хүн тутмын хоёрыг нь илрүүлж, наймыг нь илрүүлж чадахгүй байна. Тиймээс цаашид энэ оношлуурыг авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг үндэслээд бид уг оношлуурыг худалдан авах боломжгүй хэмээн үзээд Үнэлгээний хороо болон С.Энхболд сайдад дүгнэлтээ хүргүүлсэн. Гэвч Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сайдын тушаалыг өөрчилчихнө” гэсэн. Мөн оношлуурыг авахгүй гэснээс болж маш их хэмжээний дарамт, шахалтууд ирсэн. Шаардлага хангаагүй худалдан авалтуудыг хийж эмнэлгүүдэд тараачихсан байсан. Үүнийг яах юм бэ гэхээр хэн ч хариулт өгч чадахгүй байсан” гэсэн нь хэчнээн иргэний шинжилгээний хариу буруу гарч, эрүүл мэндийг нь хохироосон бол гэдэг асуудлыг тавихаас аргагүйд хүргэж буй.
Нөгөө талдаа үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус болохыг зарласан нь эм уугаад ч өвчин эдгэдэггүйн цаад шалтгаан хуурамч эмийн худалдаа газар авсантай холбоотой гэж үзэх үндэслэл болов уу.
Монгол Улсын эмийн зах зээлд жилд 800 тэрбум төгрөг эргэлдэж байна. Статистикаар өнгөрсөн 2022 онд дэлхийн 51 орноос 820 нэр төрлийн, 838 тэрбум төгрөгийн эм орж ирсэн нь 2015 оныхоос долоо дахин өсчээ. Мөн 2020 оноос эмийн үйлдвэр буурсан бол эм ханган нийлүүлэгч байгууллага өссөн байдаг. Тухайлбал, эм ханган нийлүүлэгч байгууллага 2022 онд 298 байсан бол 2023 онд 453 болж нэмэгдсэн. Харин эмийн үйлдвэр 39 болж буурчээ. Эмийн сангийн тоо өссөөр 2023 онд 2857 болсон байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1000 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа бол орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан ногддог.
Нийт бүртгэлтэй эм 4213 бөгөөд 21 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн бол 79 хувь нь импортоор орж иржээ.
Энэхүү статистик мэдээлэлтэй холбогдон гарч буй бас нэг анхаарал татсан асуудал нь эмийн бизнестэй албан тушаалтнууд ямар нэг хамааралтай байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт юм.
Нотлох баримтыг судлан шинжлэх шинжээчийн мэдээллээр 2018-2023 онд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт 757 албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий 9654 этгээдийн эзэмшиж буй аж ахуй нэгж байгууллага, тэдгээрийн охин компани, хараат компани болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой нийт давхардаагүй байдлаар 20221 хуулийн этгээд, мөн эм зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 2786 эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл авсан нийт 2645 хуулийн этгээд, тэдгээрийн охин компани, хараат компани болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой нийт 10238 хуулийн этгээдийг хамруулан судалхад дараах эрх бүхий албан тушаалтнууд хамаарал бүхий болох мэдээлэл гарсан байдаг.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтнаас 97 буюу 88.1 хувь нь хамаарал бүхий компанитай байна.
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд -Мөнхийн тун”,
- Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа -“Тахилтын овоо”,
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бямбасүрэн -“Космостек монгол”,
- Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн -“Фореверрийч”,
- Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа- “МИССДИ”,
- Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал -“МСМ групп”,
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа- “Жикүжи”
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга (ЭТЧАБХ)
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын УАУХ-ийн дарга Б.Долгорсүрэн -“Нэрст-Өндөр”,
- Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Мөнхтуул – “Эс Би Ди фарм”,
- ЭМГ, УСХЗХ-ийн дарга Б.Туяа- “Баршим”,
- Д.Золзаяа -”Интернэйшнлмедикал сентер” зэргээр хамаарал бүхий компанитай нь нотлон судлах баримтаар илэрсэн.
Мөн шинжээчийн танилцуулснаар “Лондон лүүк” гэх хуулийн этгээдийн хамаарал бүхий албан тушаалтнаар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Хүний эмийн зөвлөлийн гишүүн Д.Гантуяа, Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нарын нэр дурдагдсан.
Цаашлаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн давхардсан тоогоор 28 албан тушаалтныг шинжлэн судлахад 100 хувь буюу давхардсан тоогоор хамаарал бүхий 35 компанитай. Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газрын давхардсан тоогоор 41 албан тушаалтан буюу 97.6 хувь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын давхардсан тоогоор 57 албан тушаалтан буюу 61.2 хувь, Хүний эмийн зөвлөлийн давхардсан тоогоор 241 албан тушаалтан буюу 75 хувь, Эрүүл мэндийн яамны комиссын албан тушаалтнуудын давхардсан тоогоор 32 албан тушаалтан буюу 64 хувь, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн давхарсан тоогоор 36 албан тушаалтан буюу 24.6 хувь нь хамаарал бүхий компанитай гэдэг мэдээлэл ил болсон.
Эмийн зах зээлд монополь компанийн нэг болох “Монос”-ын хамааралтай дөрвөн этгээд Хүний эмийн зөвлөд багтсан. Зарим компани төлөөллөө төрийн бүхий л шатанд шургуулж амжсан. Тэр бүү хэл, Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаасан зарим нэг эмийн мэдээллийг эргэн нягталж, холбоо хамаарлыг харъя гэхэд проткол нь олддоггүй. Хүний эмийн зөвлөлдөө ч байдаггүй, Эрүүл мэндийн яаманд ч байдаггүй.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаангуут эмийн үнэ хэд дахин өсдөг.
Уналт таталтын эсрэг эмийг Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаангуут түүн дотор тураах зориулалттай хоёр төрлийн эмийг багтаасан.
Улсын хэмжээнд чихрийн шижин өвчтэй 300 мянга гаруй иргэн байдаг ч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад энэ төрлийн өвчний эсрэг эмийг багтаасан нэрийн дор хямд үнэтэй, чанаргүй эм нийлүүлдэг.
Элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо бий. Энэ вирусын эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ жилээс дээрх эмийг даатгалд оруулангуут 45 мянган төгрөгийн үнэтэй болчихсон. В, Д вирустэй иргэд энэ эмийг 10 жил хэрэглэх шаардлага байгаа. Гэвч уг эмийг хэрэглээд эдгэрч байна уу, энэ эмийг уугаад вирус нь дарагдаж байна уу, хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Харин ч өвчин нь улам хүндэрч байгаа гээд тоочвол асуудал их байна. Дээр нь хилээр нэвтэрч байгаа эм чанарын шаардлага хангаж байгаа юу гэдгийг шинжлэх лаборитор нь ажилладаггүй. Бараг музейд тавих хэмжээний болсон. Импортоор хэдий хэмжээний эм орж ирдэг вэ гэдэг мэдээлэл зөрүүтэй. Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын мэдээлэл нь зөрдөг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа нь дуусч байгаа эсэхийг төр нь мэдэх боломжгүй. Хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг устгахад тавигддаг стандарт байтугай хяналт ч байдаггүй. Эрүүл мэндийн салбарт алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд нь эмийн бизнестэй холбоотой. Төрийн өмчит эмнэлгүүд нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа тендер зарлах ёстой ч зарим нь зарладаггүй. Зарлалаа гэхэд зах зээлийн үнээс хэд дахин давсан үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авдаг. Эргээд энэ нь тухайн эмнэлэг санхүүгийн алдагдал хүлээхэд хүргэдэг. Иймээс Эмийн сонсголоор хөндөгдсөн бүх “но”-той, ноцтой асуудлыг шалгахгүй бол монголчууд үнэтэй хийгээд чанаргүй эм хэрэглэдэг байдлаасаа салж чадахааргүй байна.