Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн дүрмээ хүчингүй болго оо, Л.Энх-Амгалан сайд аа!
Эрхэм сайд аа! Танай яамнаас дээд боловсролын талаар гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцэхгүй байна. Ганцхан жишээ гэхэд л БШУ-ы сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/575 дугаар тушаалаар баталсан Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм юм.
Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах журмыг өөрчлөөгүй байхад хичээлийн жилийн дундуур Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм өөрчилж бужигнууллаа. Шинээр батлагдсан дүрэмд Зөвлөл нь докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий дэд зөвлөлтэй байна (1.3) их сургууль боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дэд зөвлөл байгуулах хүсэлтээ хүргүүлнэ (5.1) дэд зөвлөлийг сургуулийн ректорын тушаалаар батална (3.5), докторант бүрээр дэд зөвлөлтэй байна (3.2), гэх мэтээр дэд зөвлөл гэсэн хүнд сурталтай, шаардлагагүй шаталсан тогтолцоо бүхий илүүц бүтэц үүсгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” шаардлагад нийцэхгүй байна.
Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын хууль тогтоомжид докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэмд хориглосон зохицуулалтыг тусгах эрхийг боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд олгоогүй. Гэтэл дүрэмд бүрэлдэхүүн, зохион байгуулалт, чиг үүрэг, тавигдах шаардлага, бусад зүйл зэрэг гарчгийн дор хориглосон агуулга бүхий хэм хэмжээг олноор тусгасны зэрэгцээ хариуцлага хүлээлгэх заалтыг тусгасан нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон дээрх шаардлагыг зөрчөөд зогсохгүй зөвхөн хуульд заасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай эрх зүйн зарчимд халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” хуулийн шаардлагуудыг зөрчсөн.
Дүрмийн 2.9.1-2.9.3-т эрдэм шинжилгээний өгүүллийг заавал гадаадын сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлага тавьж байгаа нь улс, эх орны дотоодод шийдвэрлэх ёстой нууцлалтай асуудлыг дэлгэн тараахад хүргэж болзошгүйг ерөөс бодолцоогүйн зэрэг-цээ харилцан адилгүй шаардлагыг зохиомлоор тавьсан. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “тэгш байдал”, мөн арван зургаадугаар зүйлийн 17-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн ийм зохиомол шаардлагыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аль ч хуулиар тогтоогоогүй болно. Ер нь эх орондоо зэрэглэл өндөртэй сэтгүүл бий болгох, хэвлэн нийтлэх замаар эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжихийн оронд өндөр өртөг зардалтай, шат дараалсан процесстой гадаадын сэтгүүлийг тулган зөвшөөрүүлэх бодлогыг цухалзуулж байгаа нь Үндсэн хуулиар тогтоосон эх оронч үзэл, үндэсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогод нийцтэй биш байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлийн 1-д Хүн бүр сурч боловсрох эрхтэй. “….. Авьяас чадвартай нь уялдан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой”, Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцын 3 дугаар зүйлийн (а) “боловсролын талаар алагчлах шинж бүхий хуулийн бүх заалт, засаг захиргааны шийдвэрийг өөрчлөх, засаг захиргааны тийм дадлыг зогсоох” “конвенцод тодорхойлсон алагчлах явдлыг устгах буюу урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү Конвенцод оролцогч улсууд үүрэг хүлээнэ” гэх мэт заалтуудтай зөрчилдөж байна.
Өгүүлэл бичсэнийг гол шалгуур болгон сонгосон тул Зөвлөлийн гишүүдийн дотор докторын ажлыг шүүн хэлэлцэх мэдлэг, чадвар, туршлага сул хүмүүс олноор орсон, шилдэг тэргүүлэх эрдэмтэн судлаачдын оролцоог хязгаарласан.
БШУСайдын 2024 оны 02 дугаар 07-ны А/52 дугаар тушаалаар баталсан докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3. “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” зөрчиж байгуулагдсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3. “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудын зөрчилтэй байна.
Тухайлбал, тодорхой сургуульд эрх мэдлийг төв-лөрүүлэх зорилгоор хуулийн этгээдэд хэт давуу байдлыг олгосон. Жишээ нь, боловсрол судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 24 гишүүнээс 15 нь МУБИС, Соёл, урлаг судлалын 28 гишүүнээс 15 нь СУИС г.м байгаа ба Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг нууц санал хураалт гэгчээр тодруулж олонх сургуулиудад сонгосон.
Мэргэжлийн индексийг зориудаар хольж хутгасан. Жишээ нь, хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Монгол судлал /022204/; Гадаад хэлний орчуулга (023101), Гадаад хэл шинжлэл (023203) гэсэн огт өөр чиглэлийн хөтөлбөрүүдийг нэгтгэн нэг зөвлөл болгож, даргыг МУБИС-иас сонгосон.
Дэд зөвлөл олноор бай-гуулах замаар ашиг сонирхлын зөрчил гаргасан. Өмнөх дүрмээр МУБИС нь боловсрол судлалын докторын ажил хамгаалуулах 1 зөвлөлтэй байсныг шинэ дүрмээр 13 дэд зөвлөлтэй, ШУТИС-д төрийн удирдлага, бодлого судлал, социологи ба нийгмийн ажил, соёл урлаг судлал зэрэг нийгмийн ухааны 5 дэд зөвлөлийг нэмж байгуулсан.
Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийн шаардлага хангаагүй Дэд зөвлөлийг байгуулсан. Үүний илрэл нь Монгол улсад “Боловсролын удирдлага” докторын хөтөлбөр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Дүрмийн 5.2.2-т “Тухайн хөтөлбөрөөр 6 ба түүнээс дээш жил докторын сургалт явуулсан, докторын зэрэг хамгаалсан төгсөгчтэй байх” гэж заасан байхад МУБИС-д Боловсролын удирдлагын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл байгуулсан нь дүрмээ зөрчсөн үйлдэл юм.
Түүнчлэн өгүүлбэрийн нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох үүрэгтэй “эсвэл” холбоосыг 13 удаа хэрэглэх замаар дүрмийн 2.9.6-д “Докторын судалгааны ажил удирдаж хамгаалуулсан байх….” гэсэн заалтыг хангаагүй хүмүүс, албан тушаалтны танил тал, гэр бүл, найз нөхөд, зөвлөлийн дарга сонгоход хүчин зүтгэсэн ахмад академич, тэдгээрийн үр хүүхэд, Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын гишүүн зэргээс бүрдсэн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.
Тус дүрэмд 3.2-т “Док-торант бүрээр диссертацын сэдвийн чиглэлтэй уял-дуулан тухайн хамгаалуулах зөвлөлийн долоон гишүүний төлөөлөлтэй Дэд зөвлөлийг байгуулна” гэж зөвхөн Зөвлөлийн гишүүдээс бүрдүүлэхээр хатуу заасан нь судалгааны ажлыг тэргүүлэх эрдэмтдээр хэлэлцүүлэх, үнэн бодитой шүүн хэлэлцэх, үнэлж дүгнэх боломжийг хязгаарласан, боловсролын байгууллагын эрдмийн эрх чөлөө, суралцагчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн.
Дээд боловсролын шаталсан сургалт болох докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чанартай судлаач бэлтгэн гаргах нь их сургуулийн өөрийхөн үндсэн үүрэг хариуцлага, амбиц гэдгийг умартаж, дэлхийд хаана ч байхгүй ийм гаж зүйлийг гаргаж өрсөлдөөнийг хязгаарлаж, хөгжлийг сааруулах нь Монголын төрийн бодлого лав л биш байлтай.
Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан, хэсэг бүлэг этгээдүүд үгсэн хуйвалдаж дээд боловсролын салбарт ялгаварлан гадуурхалт, авлига хахууль, хүнд суртал бий болох нөхцөлийг бүрдүүлсэн алдаа мадаг ихтэй захиргааны акт болсон байна. Иймд Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн Докторын хамгаалуулах зөвлөлийн дүрмээ эрхэм Сайд та хүчингүй болгоно уу.