Сурвалжилга: “Хангай” зочид буудал нэг давхраа түрээсэлж, сард 36 саяыг олдог ч 30 жил татвар төлөлгүй иржээ

0

Товч агуулга: “Хангай” зочид буудал баригдаад 43, эзэнтэй хэр нь эзэнгүй хаягдаад 30 жил болжээ. Анх оросууд барьж, ажиллуулж байх тэр үед манай улсын зэрэглэл өндөр буудлаар нэрлэгддэг байж. Харин нийгэм шилжиж оросууд нутаг буцсанаар энэ барилга тодорхой эзэнгүй болж, улсын өмч болгосон ч 1998 онд “Буян”-ийн гэх тодотголтой Б.Жаргалсайхан 600 сая төгрөгөөр худалдаж авснаар хувийн өмч болжээ.

Тэр цаг хугацаанаас хойш яг 26 жил өнгөрөөд байгаа ч энэ барилга хотын төв хэсэгт балгас болж, энэ хэвээр байсаар өдийг хүрч байна. Тиймээс Нийслэлээс тус барилгыг ийм байдлаар хотын товд байлгасаар байх нь зохимжгүй гэж үзээд эзэмшигчдэд хандан энэхүү барилгаа өөд татаж, өнгө үзэмжийг нь сайжруулахыг шаардаж эхлээд байгаа юм. Мөн 30 жил татвараа төлөөгүй тул нөхөж төлүүлнэ гэж мэдэгдсэн.

Нийслэл “Хангай” зочид буудлын эзэмшигчдийн 30 жил төлөөгүй татварыг нөхөж төлүүлнэ

Өчигдөр /2024.04.24/ уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийсэн.

Тэрбээр, “Хангай” зочид буудал хувьчлагдаад болоод 30 жил болж байна. Гэсэн ч эзэнгүй юм шиг явж ирсэн. “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал бий.

Нэгдүгээрт, татвараа 30 жил төлөөгүй. Хоёрдугаарт орчны аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж байгаа. Мэдээж ардчилсан нийгэмд хувийн өмчтэй байх ёстой. Хувийн өмчөөрөө дамжуулаад эрхээ эдэлдэг байх ёстой. Гэхдээ энэ өмч нь хуулийн дагуу татвараа төлдөг, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.

Ингээд харахаар өндөр балгас болчихсон дээд хэсэг 2010 оноос хойш бүртгэлийн дугаар нь хоёр салсан. “Буян”-ийн Жаргалсайхан гэж эрхэм энэ бүртгэлээ салгаад доод хэсэгт нь үндэсний үйлдвэрлэгч “Номин”-ийн Ш.Баярсайхантай нийлээд компани байгуулаад гуанз ажиллуулж байна. Гэтэл дээшээ 16 давхар хүртэл байгаа энэ балгас болчихсон хэсэг дээр тусдаа гэрчилгээтэй.

Харин “Номин”-ийн Ш.Баярсайхантай хамтарч эзэмшдэг доод хэсэг нь татварын системд бүртгэлтэй ч татвараа огт төлдөггүй, өртэй. Тэгсэн хэр нь үйл ажиллагаа явуулж орлого олдог. Ойр орчмоо өөд татдаггүй. Сүүлийн 10 жилд 40 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн мэдээлэл дуудлаа энд ирсэн байна. Долоон төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Харуул хамгаалалтгүй учир ихэнх тохиолдолд хүмүүс ийшээ орж, архидаж биесээ зодож байна. Цаашлаад хотынхоо төвд ийм балгас байлгаад байх нь хэр зохимжтой вэ, орчиндоо яаж сөргөөр нөлөөж байгаа вэ гэдэг асуудлууд хөндөгдөнө. Тиймээс эзэмшиж байгаа хүнд нь татвараа нөхөж төлөх болон цаашид ашиглах бол өөрчилж, өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлагыг тавина” гэсэн юм.

Тиймээс бид одоогийн бодит нөхцөл байдал ямар байгааг харахаар тус барилга руу очлоо.

Хангай” зочид буудлын одоогийн нөхцөл байдал

Нэг ч бүтэн цонхгүй 16 давхар харанхуй, цутгамал блок болж хувирчээ. Яг ийм байдалтай 30 жил болж буй гэх. Зүүн хэсгээр нь байшин дээвэрлэдэг төмрөөр хаалт босгожээ. Тойроод харвал хүн нэвтрэх ямар ч боломжгүй болгож, төмөр хашлага зэргээр хаалт хийсэн байна. Мөн зүүн болон хойд талдаа сурталчилгааны урт хулдаасан самбар өлгөжээ. Харин зүүн талын нэг давхар болон, зүүн доод буландаа хоёр хоолны газартай.

Тодруулбал, шорлогийн газар /Shashlik House/ энд 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Энэ хоолны газар тус объектоо түрээсэлж, сард гурван сая төгрөгийг Б.Жаргалсайханд төлдөг гэв. Нийт талбайн хэмжээ 300 м.кв.

Товчхондоо балгас, гэмт хэргийн үүр уурхай болсон гэгдэж буй энэхүү 16 давхар барилгад үйл ажиллагаа явуулдаг цор ганц газар бол энэ хоолны газар. Харин зүүн доод булан дахь солонгос хоолны газар тус барилгын ханыг ашиглаж, шийдсэн бололтой. Биднийг очиход хаалттай байв. Нэр нь “Zuu streed food”.

Дата мэдээллийн сангаас шүүж үзвэл энэ хэсгийн газар “Даблью Ти Си” ХХК-ийнх бөгөөд тус компанийн эзэмшигчдээр “Буян”-ийн Б.Жаргалсайхан, “Номин”-гийн Ш.Баярсайхан нар бүртгэлтэй байна. Энэ компани хүнс бараа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө байгууллага аж.

Ингээд харвал дээрх хоёр эрхэм хамтарч эзэмшдэг газрынхаа жаахан хэсгийг сарын гуравхан саяар түрээслээд түүнээсээ ашиг олж, сэтгэл хангалуун суугаа гэвэл учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл энэ жижиг хоолны газрыг тус объектод үйл ажиллагаа явуулж буй нэрээр өөрсдийгөө хаацайлж, ашигтай үе, хэрэгцээт саналыг хүлээж байгаа байж болох талтай. Энэ асуудлаар Б.Жаргалсайханаас тодруулахаар холбогдсон боловч “Би энэ талаар ярихгүй байгаа” гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

Хангай” зочид буудал ₮600 саяар “Буян”-ийн Б.Жаргалсайханых болсон түүх

Анх 1981 онд “Хангай” зочид буудлын барилгыг оросууд барьжээ. Баригдсан үедээ архитектурын өвөрмөц шийдэлтэй, томоохон бүтээн байгуулалтын нэг гэж үнэлэгддэг байсан бөгөөд дээд зэрэглэлийн зочид буудал байсан юм байна. Ихэвчлэн дипломат албаныхан ихэвчлэн буудалладаг, орос гэр бүлүүд орж гардаг байсан тухай бичиж үлдээсэн баримтууд байгаа юм. 1990 оны ардчилсан хувьсгалаар нийгэм шилжих үед оросууд гарч явахдаа энэ буудлыг албан ёсоор Монголын талд шилжүүлээгүй. Тиймээс эзэнгүй хоцорч, өөд татах хүнгүй болсон гэж ойлгож болно.

Ингээд тус барилгыг хэн өмчлөх эсэх асуудал нэлээд маргаан дагуулж, 1996 онд төрийн өмч гэж шийдвэрлэсэн аж. Харин 1999 онд УИХ-ын тогтоол гарч төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлсэн гэгддэг ч 1997-1998 оны үед Нийслэлийн Иргэдийн хурлын шийдвэрээр “Хангай” зочид буудлыг “Буян”-ийн Б.Жаргалсайханд өгсөн аж. Үүнээс хойш одоог хүртэл уг барилга, газартайгаа хамт 100 хувь түүний хувийн өмч. Тэрбээр уг барилгыг эзэмшилдээ авахдаа зочид буудал хэвээр нь тордож янзална гэж тухайн үеийн ханшаар 600 сая төгрөгөөр үнэлж авсан байна. Гэхдээ бэлэн мөнгө төлж авсан уу эсвэл өөр байдлаар авсан уу гэдэг тодорхойгүй.

Албан бус мэдээллээр “Буян”-ийн Б.Жаргалсайхан нийслэлээс авах авлагадаа суутгаж авсан гэгддэг. Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас тухайн үед сонгон шалгаруулалт зарлаж, түүнд нь Б.Жаргалсайхан шалгарч 600 сая төгрөгийг нийслэлийн дансанд төвлөрүүлж худалдан авсан гэдэг тайлбарыг хэвлэлд өгч байжээ.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Энэ барилга 30 жилийн турш ийм байдалтай байхад үе үеийн хотын удирдлагууд яагаад арга хэмжээ авалгүй өдийг хүрэв гэдэг анхаарал татна. Нөгөө талаас шаардлага тавьсан ч эзэмшигчид нь татвараа төлөхгүй 30 жил явсан шигээ тоогоогүй, санаан зоргоор хөдлөөгүй байж болох. Гэсэн ч энэ бол нийтийн эзэмшил буюу хотын төв бүсэд байрлаж буй нийслэлийн нэг хэсэг. Тиймээс хувийн өмч байлаа ч ийм байдлаар эзэмшиж буй нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл өөр хүн эзэмшиж байсан бол нөхцөл байдал одоогийнх шиг байх байсан уу гэдэг эргэлзээтэй. Иймд нураадаггүй юм гэхэд өнгө үзэмжээ сайжруулж, зориулалтаар нь ашиглах хэлбэр рүү шилжих нь хоёр талдаа харилцан ашигтай хувилбар байх болов уу.

Хамгийн гол нь сар бүрийн тогтмол орлоготой мөртлөө үл хөдлөх хөрөнгийн болон бусад татварыг 30 жил огт төлж ирээгүй гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *