Муу усны нүх дүүрэн, гадаа хүйтэн байсан бол 3 болон 5 настай үрс эндэх эрсдэлтэй байлаа
Цагдаа , эрэлч ноход өнгөрсөн амралтын өдрөөр хоёр хүүхэд аварсан, эсэн мэнд олсон талаарх мэдээ сэтгэл тэнийлгэв. Тэгвэл бодит байдал ямар байсныг бид эргэн сурвалжиллаа.
Хүүхдүүдийг алга болсноос 7 цагийн дараа муу усны нүхнээс олжээ. Хэрвээ хавар биш өвөл байсан бол, муу усны нүхэнд хүүхэд далд орохоор ус байсан бол бяцхан үрс эндэх байлаа. Азаар урин хавар таарч, нүх ус багатай байж, хүүхдүүд харанхуй нүхэнд даарч чичирч суусаар амь аврагджээ. Ёстой л хүүхдийн заяа түшсэн гэмээр…
3 болон 5 настай хүүхдүүдийг эрэн хайх багт эрэлч хоёр нохой, 90 цагдаа ажилласан. Гэтэл тэд хамар хашааныхаа муу усны нүхэнд унасан байв. Бохир, хүйтэн цооногт хүүхдүүд 7 цаг суужээ. Гэхдээ аврагдсан.
Хүүхдүүд одоо төрийн буюу түр хамгаалах байранд амьдарч байна. Цаашлаад хүүхдүүдийг асрамжийн газарт аваачих асуудал яригдаж эхэлжээ. Учир нь, хүүхдүүдийн асран хамгаалагчийг сэтгэцийн өөрчлөлттэй болохыг хорооны ажилтан хэлэв. Одоогоор хүүхдүүдэд учирч болох аюулын зэргийг тогтоох үнэлгээ хийж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Ээж нь ч, хүүхэд хамгаалах нэгж ч энэ хүүхдүүдэд анхаарал халамж тавиагүй нь энэ явдлаар ил болов.
Сүхбаатар дүүргийн 18-р хорооны хэсгийн ахлагч: Ээж нь хүүхдүүдээ гэртээ үлдээгээд, дэлгүүр ороод ирэхэд нь хүүхдүүд нь байхгүй байсан гэсэн. Энэ айл хүнсний талон авдаг, ар гэрийн хараа хяналт муу. Хүүхдүүдийг түлхээд нүхэнд унагачих хүн энэ хавьд байхгүй.
Сүхбаатар дүүргийн 18-р хорооны засаг дарга Ц.Цогт-Од: Цаашдаа хүүхдүүдийг улсын асрамжид аваачих шаардлагатай гэж үзэж байгаа.
Хүүхдүүд ямар нөхцөлд амьдарч байсныг Сүхбаатар дүүргийн 18-р хорооны засаг дарга, хэсгийн ахлагч хоёр сайн мэдэж байна. Энэ бол эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн ганцхан жишээ. Хэрэв тэдэнд анхаарч, арга хэмжээ авахгүй бол ниргэсэн хойно нь хашхирах аюултай. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын хамтарсан баг энэ мэтчилэн эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд хэрхэн анхаарч, ажиллаж байгааг нягтлах цаг болжээ.