Малын сэг зэмийг устгахад зориулж Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгоно
Өвөлжилт хамгийн хүнд байсан Сүхбаатар аймгийн хувьд 2023 онд нийт 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алджээ.
Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж Аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгох шийдвэрийг УОК-ын дарга С.Амарсайхан гаргажээ.
Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон сум болох Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж 2 тонн шатахуун шийдвэрлэсэн байна.
Засгийн газраас зудын гамшгийн дараах эрсдэлийг бууруулах хүрээнд малгүй болсон өрхүүдийг малжуулах, малчны зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүнд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буйн зэрэгцээ байгальд ээлтэй, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг хамтарч, хоршиж эрхлэх боломжоор хангах “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй.
2023-2024 оны өвөл, хаврын хүндрэлийг давахад зориулж Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос дараах дэмжлэгийг үзүүлээд байна.
Үүнд:
- Аймгийн Онцгой байдлын газарт Ковш 2 ш, “Ланд 76” автомашин
- Эрдэнэцагаан сумын Гал унтраах аврах ангид “Ланд 78” машин
- Сүхбаатар сумын ЗДТГ-т “Ланд 76”
- Мал эмнэлгийн газарт ДУК ариутгалын машин
- Уулбаян суманд “Pick up ford” машин
- Асгат суманд “Suzuki Jemny”
- Цас цэвэрлэх, зам гаргахад Зэвсэгт хүчний анги байгууллага, орон нутгийн ковшны шатахуунд 231 сая төгрөг,
- Малын сэг, зэм устгах ажилд 2337 хүн 10 өдөр ажиллах зардал буюу 934.800.000 төгрөг,
- Засгийн газрын тогтоолоор 50 хувь хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй олгох хивэг, тэжээлийн зардал,
- Хүнсний тусламжид 307,926,400 төгрөг,
- 910 тн нүүрс 82,298,700 төгрөг,
- Шатах, тослох материалын 18,200,000 төгрөгийг шийдвэрлэжээ.