Сурвалжлага: Ипотекийн зээлийн сургаар байрны үнэ нэмэгджээ
Ипотекийн зээлд хамрагдахаар арилжааны нэгэн банкинд хүсэлтээ өгөөд хоёр жил болсон Б.Энхзориг руу банкнаас залгажээ. Банкны эдийн засаг түүн рүү залгасан шалтгаанаа тайлбарлахдаа ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэн тул иргэдийн хүсэлтийг хүлээж авч байгаа гэжээ. Б.Энхзориг Монголын бусад залуусын адил байртай болох мөрөөдөлтэй. Гэвч нэгд түүнд 30 хувийн урьдчилгаа дутуу, хоёр хотын төвд ойролцоо хоёр өрөө байх авъя гэхээр “тэнгэрт хадсан” үнэтэй. Сүүлийн жилүүдэд барилгын материал, тээвэрлэлтийн зардал, бусад асуудлаас болоод байрны үнэ багагүй өссөнөөс болоод түүний орон сууцанд амьдрах мөрөөдөл улам алсарч байна. Дээр нь Засгийн газраас 1.2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх шийдвэр гаргаснаас болоод байрны үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн нь Б.Энхзоригийг Өмнөд Солонгос явах шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Тэрбээр Өмнөд Солонгос руу барилгын ажил хийж, мөнгө хураах зорилгоор багшийн ажлаасаа гарсан байна. Түүний хувьд одоогоор нэг өрөө байр түрээсэлж амьдардаг. Сардаа 800 мянган төгрөг байрны түрээсэнд өгдөг тул урьдчилгаа мөнгө хураах боломжгүй болохоо ойлгосон гэнэ.
Үнэндээ Монголд, тэр дундаа Улаанбаатарт байр, орон сууцтай болоход нэлээд мөнгө шаардагддаг. Тиймээс Б.Энхзоригийн адил олон монгол залуус орон сууцтай болохын тулд гадаад руу дүрвэж байна. Гадаадад гурван жил тууштай ажиллахад Монголдоо хоёр өрөө байр авчихаж чадна гэсэн итгэл тээсээр Б.Энхзориг эхнэр хүүхдээ үлдээгээд гадагшаа өнөө маргаашгүй нисэхээр тийзээ захиалжээ.
Ипотекийн зээл олон монгол залуусыг байртай болгосон. Э.Маралмаа саяхан урьдчилгаа төлбөрөө өгөөд 20 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагджээ. Гэхдээ байрны үнэ багагүй өссөн нь хөөсөрсөн үнэ байж магадгүй гэж хардаж байгаагаа нуусангүй.
Цар тахлын үед тээвэрлэлтийн зардал багагүй өссөн, одоо эргээд зардал нь буурсан ч барилгын материалын ченжүүд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулахгүй байгааг, үүнээс болоод байрны үнэ өсч буйг шүүмжилж байна.
Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөг болж, банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна. Нэг талаар 10 мянган хүн орон сууцанд орох сайн талтай ч нөгөө талдаа эрэлтийг дагаад байрны үнэ улам өсөх магадлал өндөр.
Тиймээс өнөөдөр байрны үнэ ямар байгааг сурвалжиллаа.
ТОГТВОРТОЙ ЭКО СИСТЕМИЙГ НЬ Л СОНГУУЛЬ, УЛС ТӨРӨӨС ХАМААРАЛГҮЙ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Ипотекийн зээл барилга, орон сууцны үнэд хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Г.Батзориг төрийн явуулж буй бодлого, хөтөлбөр тогтворгүй байгаа гайнаас болж, иргэд хямд эх үүсвэртэй зээл авч байгаа мэт боловч өндөр үнэтэй л байр авч буйг шүүмжлэв. Сүүлийн жилүүдэд үнэтэй байрыг хямд хүүтэй авсан, хямд байрыг өндөр хүүтэй авсан яг л ижилхэн болж байгаа аж.
Тэрбээр ярихдаа “Ипотекийн зээл манайд тогтвортой бодлого, тогтвортой санхүүжилтын эх үүсвэр гэхээсээ илүүтэйгээр улс төртэйгөө холбогдож байна. Сонгуулийн өмнө хөтөлбөрийн санхүүжилтыг олгодог ч сонгуулийн дараа санхүүжилт нь зогсчихдог. Банкан дээр жил орчмын оочер үүсээд байна. Угтаа тогтвортой эко систем нь бүрдээд, барилгын компаниуд нь ч ипотекийн зээлийн эх үүсвэрт итгэдэг болвол барилгын үнэ дээр огцом нөлөө үзүүлэхгүй” гэв.
2013 онд ипотекийн зээлийн хөтөлбөр эхэлсний дараа тус зээлийн нөлөөгөөр барилгын үнийн өсөлт бий болсон. Орон сууцны үнэ өндөр байгаа шалтгаан олон бий. Тухайлбал, барилгын гол материал болох цемент, арматурын үнэ, ачаа барааны тээвэрлэлтийн зардал, ажиллах хүчний цалин, газрын үнэ гэх мэт. Гэхдээ гол нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь ипотекийн зээл. Өөрөөр хэлбэл, барилгын үнийн өсөлт нь ипотекийн зээлээ дагаж хөдөлдөг.
“Одоо барилгын компаниуд үнээ буулгадаггүй нөхцөл рүү шилжчихсэн мэт санагддаг. Удахгүй сонгууль болох учир ипотекийн зээл өгнө. Тиймээс үнээ буулгахгүй гэж тохиролцдог. Сонгуулийн өмнө эх үүсвэр нэмэгдүүлдэг гэr барилгын компаниуд хүлээдэг болсон” талаар Г.Батзориг ярьж байна.
Харин энэ бүхнийг хэрхэн зохицуулах талаар “Гагцхүү тогтвортой эко системийг нь л сонгууль, улс төрөөс хамааралгүй бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж л дундаж давхаргад нөлөөлөхүйц болно. Эс бөгөөс одоогийн цалингаараа урьдчилгаа 50-60 сая төгрөг бүрдүүлнэ гэвэл 10-20 жил болно” гэж санал бодлоо хуваалцлаа.
ЗУРГАА, ДОЛДУГААР САРААС БАЙРНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ
Улаанбаатар хотод шинээр баригдаж буй орон сууцнуудын байршлыг харвал ерөнхийдөө гурван хэсэгт түлхүү хуваагджээ. Тухайбал, Нисэх-Яармаг, Дөлгөөн нуур – 100 айл, Оффицеруудын ордон-16 дугаар хороолол. Эдгээр байршилд орон сууц борлуулж буй борлуулалтын албадтай холбогдож, үнийн мэдээлэл авлаа.
Яармагт байрлалтай “Sky S Apartment” нь 2024 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох гэнэ. Үнийн тухайд м.кв нь 2,190,000-2,690,000 төгрөг. Тус барилгын борлуулалтын албаны хэлснээр сүүлийн үед утсаар холбогдож, тус төслийг сонирхох хүмүүс нэмэгдэж, зургадугаар сараас байрны үнээ нэмэх төлөвтэй байгаа аж.
Американ дэнж хотхоны баруун талд байрлах “Consul Residence”-ийн тухайд ирэх долдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байгаа бөгөөд одоо м.кв нь 4.9-5.5 сая төгрөг байгаа ч ашиглалтад орсны дараа үнэ нэмэгдэх нь гарцаагүй гэлээ.
Харин Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хойно байрлах Нарлаг апартментын гуравдугаар блок нь ирэх онд ашиглалтад орохоос гадна сар сараар м.кв-ын үнэ нь нэмэгдэж байгаа учир долдугаар сард багтаан гэрээ байгуулахыг сануулж байлаа.
Барилгын материалын үнэ орон сууцны үнэд нөлөөлдөг. Тэгвэл “barilga.mn” дээрх мэдээллийг харвал өнгөрсөн оны арванхоёрдугаар болон энэ оны хоёрдугаар сарын цементийн үнэ өөрчлөгдөөгүй, задгай тонн тутам нь 359 мянган төгрөг, ууттай тонн тутам нь 385 мянган төгрөг байна. Дотор бохирын хуванцар хоолойны үнэ ч ширхэг нь 2600-35000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Хэдий барилгын материалын үнэ төдийлөн өсөөгүй ч ипотекийн зээлийн сургаар орон сууцны эрэлт нэмэгдэж, үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Эх сурвалж: N news.mn