СУДАЛГАА: УИХ-ын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшвэл та дэмжих үү?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийг үнэлэх” судалгааны тайланг ХЭҮК-оос танилцуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх судалгааг хийжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр, ХЭҮК-оос удирдаж, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, судлаач Г.Туяагэрэл, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн гадаад харилцааны ажилтан, судлаач Н.Тамирхүү нар судалгааг гүйцэтгэсэн байна.
Судалгааны гол үр дүнд тулгуурлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” бүлгийг боловсруулан тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлжээ.
Судалгааны урьдчилсан үр дүнг ХЭҮК-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Хүний эрхийн Үндэсний форум 2023”-т танилцуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэм, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь тэдний эрх, эрх чөлөө “цаасан дээрх уриа тунхаг” төдий нөхцөл байдлыг гэтлэх бодитой арга зам юм. Идэвхтэй оролцоог дэмжих оновчтой бодлогыг тодорхойлох үндэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төр, нийгмийн идэвхгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг танин мэдэж, бодлогын дарааллыг тогтоох билээ.
Энэ судалгаа ямар нэг онцгой нөхцөл байдлыг илрүүлж, түүнийг шийдэх шидэт арга замыг санал болгоогүй боловч яагаад төрийн бодлого бодит байдалд нийцэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах бодлого, эрх зүй, эдийн засгийн арга хэмжээ үр өгөөж муутай байгааг олж харахад, өөрөөр хэлбэл бодлогын харааг хурцлахад хувь нэмэр оруулна гэж судалгааны өмнөтгөлд бичжээ.