Б.Наранбат: Морин уралдаанаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой
Хоёрхон хоногийн дараа Монголд анх удаа холын зайн морин уралдаан болох гэж буй билээ.
Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг морины соёлоо дэлхийд түгээн сурталчилж, жуулчдыг татах зорилгоор дээрх уралдааныг зохион байгуулж буй “Монголын морин тойруулгын клуб”-ийг үндэслэгч, морины зүтгэлтэн Б.Наранбаттай ярилцлаа.
-Морин тойруулга барина гэдэг хэр баргийн хүн зориглож, эхлэх ажил биш байх. Ажлаа хэзээ эхлэв. Уралдааны бэлтгэл ажлаа хангаж дуусав уу?
-Морин тойруулга маань Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Налайхаас урагшаа 4-р зөрлөгийн ойролцоо бий. Анх тооцоолж, төлөвлөсөн 4.8 км урттай монгол моринд зориулсан морин тойруулга байгуулах ажил үндсэндээ дууссан. Монголдоо жишиг болохуйц холын зайн морин тойруулга барилаа гэж бодож байна. Анхны уралдаанаа “Hipay Cup 24” хэмээн нэрлэж, ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Урьтал болгож өчигдөр “УБ Кап-24” уралдааныг морин тойруулга дээрээ зохион байгуулсан. Хүмүүс их таатай хүлээж авлаа.
-Олон улсад морин тойруулгын замын хэд хэдэн төрөл байдаг юм билээ. Танайх аль төрлийг нь сонгож замаа барьсан бэ?
-Дэлхий дахинд морин уралдааны зам нь дөрвөн төрлийн стандарттай байдаг. Америкт гэхэд шороон зам дээр уралддаг. Мөн элсэн зам, turf буюу зүлгэн зам, синтетик шороон, синтетик элсэн зам бий. Бидний хувьд монгол адууны онцлогт тааруулж шороон зам барьж байна. Морин тойруулга руу мал амьтан орж ирэхээс сэргийлж 5 км хашаагаар хашаалсан, мөн уралдааны замаа Олон улсын жишгээр цагаан PVC хоолойгоор тойруулж барьсан. Хоосон тал байсан энэ газарт морин тойруулгыг амар хялбархан бариагүй. Бидний тооцоолоогүй сорилтууд тулгарсан. Жишээ нь, энэ газар намгархаг. Уралдааны үеэр морьд халтирах, уралдаанч хүүхэд унах эрсдэл гарч болзошгүй учир бид энд ус зайлуулах шугам хоолой суурилуулсан. Цаашдаа олон улсын түвшинд уралдаан зохион байгуулж, хоёр хөршийнхөө морьдыг уралдуулна гэвэл замаа синтетик болгох нь зөв. Эхний ээлжинд монгол адуугаа уралдуулж, дараа гаднын морьдыг ч уралдуулах шаардлага үүсэх учраас яваандаа замаа синтетик болгох ёстой.
-Морин уралдааныг үзэгчгүйгээр төсөөлж болохгүй. Үзэгчдэд тухлаад суух тав тухтай орчин хэрэгтэй байх?
-Мэдээж зориод ирсэн хүмүүстээ юу үзүүлж харуулах вэ. Яаж ая тухыг нь хангах вэ гэдэгт бид ач холбогдол өгсөн. Энд үзэгчдийн 1100 суудал бэлтгэхээр төлөвлөсөн. Байгальд ээлтэй зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг суурилуулсан. Мөн 10 гаруй хоол, зоогийн газар, кофе шопын худалдаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ гэх мэт олон зүйл багтсан. Тэгэхээр үзэгчид амралтынхаа өдрүүдийг морин уралдаан үзэж, агаарт ая тухтай өнгөрүүлэх боломж хангалттай бүрдсэн гэсэн үг.
-Манайд морин уралдааны үеэр хөндөгддөг сэдэв бол уралдаанч хүүхдийн аюулгүй байдал. Үүнд хэр анхаарал хандуулж байна вэ?
-Улсын баяр наадамд наймаас дээш настай хүүхэд морь унадаг. Харин манай уралдаан морь унах хүүхдийг 12-оос дээш насных байх шалгуур тавьсан. Уралдааны хүүхдүүд бүгд хамгаалалтын малгай, эмээлтэй байна. Даатгал заавал шаардаж байгаа бөгөөд Монгол даатгалтай хамтарч 60 сая төгрөг хүртэлх нөхөн олговортой даатгалын бүтээгдэхүүн санал болгосон. Мөн уралдах хүүхдүүдийг эмчийн үзлэгт оруулна. Уралдааны зам морь бүдэрч, хүүхэд унаж бэртэх эрсдэл харьцангуй бага.
-Морин уралдаанд хамгийн их маргаан дагуулдаг зүйл бол сэрвээний өндөр хэмжих. Мөн морь бариач нар будилаан тарьдаг. Энэ нь дэвшилтэт технологи ашигладаггүйтэй холбоотой биз. Тэгвэл “Hipay Cup” уг асуудлыг хэрхэн шийдэв?
-Анхдугаар уралдаан маань монгол, сонгомол гэсэн төрлөөр болох юм. Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдана. Харин монгол төрөлд хязаалан, соёолон, их нас уралдана. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдана. Монгол төрөлд сэрвээний хэмжилт одоо мөрдөж буй стандарт буюу хязаалан 137 см-с доош, соёолон 140 см-с доош, их нас 141 см-с доош байхаар заасан. Морьдыг хүйс ялгалгүй уралдуулна. Гараанаас нэг дор 40 хүртэл адуу уралдах учир фотофиниш камерыг анх удаа нэвтрүүлж байгаа юм.
Дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундийг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай зураг авдаг камер байршуулна. Үзэгчид хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг маш нарийвчлалтай харна гэсэн үг. Мөн GPS төхөөрөмж суурилуулан хурдыг хэмжих боломжтой. Морьдын тохом дээр дугаар байршуулна. Тэгэхээр адуу тус бүрийн дата мэдээллийг үзэгчид харах боломжтой болж байгаа юм. Энэ бол олон улсын жишиг. Нэг дор 40 адууг будилаангүйгээр хэмжиж, морин уралдаанаа жишиг болохуйцаар зохион байгуулахаар зорьж байна.
-Шагналын сан нэлээд өндөр юм билээ. Бас хураамж их өндөр санагдсан. Шагналын санг яаж бүрдүүлсэн бэ?
-Бүртгэлийн хураамж нэг сая төгрөг. Үүнийг өндөр гэж бодохгүй байна. Хураамжийг 100 хувь шагналд зарцуулна. Зохион байгуулагчид нэг ч төгрөгийн хураамж, шимтгэл авахгүй гэсэн үг. Дээрээс нь энэ уралдааныг ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөх аргагүй. Хэд хэдэн ивээн тэтгэгчтэй. Бүх уралдааны эхний 10 байрыг тодруулан 40 сая төгрөгөөр байлах юм. Мөн түрүү магнайг приус 30, фотон ачааны машинаар мялаана. Цаашид морин уралдааныг аялал жуулчлалын брэнд болгоё, хөгжүүлье гэвэл уяачид маань мөнгө төлөхгүй уралддаг болох ёстой. Ингэж байж морин уралдаан илүү сонирхолтой болж, олон мянган үзэгч цуглаж, бооцоо тавьж, зохион байгуулагчид нь орлого олж, уяачдадаа мөнгө өгдөг болох нь чухал юм. Улаанбаатарт ирсэн жуулчдын, барагцаалбал 60 хувь нь морь унах, морин уралдаан үзэх сонирхолтой байдаг. Гэтэл бид зөвхөн үндэсний их баяр наадам, даншиг наадмаар л морио үзэж баярладаг.
Морин уралдааныг аялал жуулчлалын нэг брэнд болгож мөнгө олох боломж хэр байна гэж харж байна вэ?
-Морин уралдааныг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлэх асар их боломжтой. Морин тойруулга гэхээр бид Сингапур, Хонконгийн жокей клуб шиг том бүтээн байгуулалтаар төсөөлдөг. Одоогоор бидэнд тийм том бүтээн байгуулалт хэрэггүй. Эхний ээлжид минимал хэв маягаар асуудлаа шийдье. Жуулчид ирж үзэг. Дараа нь илүү сайжруулъя. Замын-Үүдээр жишээлэхэд хил орчмын аялал, жуулчлал хөгжих боломж нөөц асар их бий. Монголд ирж буй жуулчдад бид өв соёлоо таниулж мөнгө олцгооё. Морь, бөх, сур харваа, түүхийн музей гээд морин тойруулгыг дагаж бусад бизнес нь үр өгөөж хүртэх, орон нутагт ажлын байр бий болох боломж бүрдэнэ. Монголд нэг өдөрт 1000 жуулчин ирэхэд бид жилдээ 365 сая ам.долларын орлого олох боломж байна. Гэтэл одоо Замын-Үүдэд байгаа зочид буудлын орны тоо нь 140 орчим л байна. Тэгэхээр бидэнд зочид буудлууд, наанадаж 100 хүн хүлээн авах хүчин чадалтай 10 ресторан, 40 автобус хэрэгтэй.
-Засгийн газраас энэ оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Та бүхний энэ ажилд төрийн зүгээс ямар нэг дэмжлэг байна уу?
-Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр хоёр талын аялал жуулчлалын хэлэлцээр байгуулсан. Бодлогын түвшинд дэмжлэг байна шүү дээ. Бид Сайншанд, Замын-Үүд, Хамарын хийд чиглэлд тус бүр хоёр хонох хөтөлбөр гаргаж өгье л дөө. Манай хоёр хөршид бэттинг хуулиараа хориотой байдаг. Тэгэхээр манайд бэттингийг зөвшөөрсөн хууль, эрх зүйн орчин хэрэгтэй нь харагдаж байна. 2022 оны есдүгээр дүгээр сард тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар казино, морин тойруулга, бэттингтэй холбоотой багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газар нь санаачилга гаргаж, УИХ-д хуулийн төслөө өргөн барихтай зэрэгцэн бид Төв аймгийн Сэргэлэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоёр байршилд газар дуудлага худалдаагаар авч, морин тойруулга барих төслөө эхлүүлсэн. Бэттингийн хууль батлагдана гэдэгт итгэж байна. Хятадууд Хонконг, Макаод очиж бэттинг тавьж байна. Өвөрмонголчууд сүүлийн 10 жилд уул уурхай, хөдөө аж ахуй нь хөгжиж мөнгөтэй болсон, яг манайхан шиг морь уралдуулж байгаа ч бооцоо тавьж чадахгүй байна. Хэрвээ бид хуулиа баталбал өвөрмонголчууд Замын-Үүд дээр ирж морио уралдуулна. Орос-Хятад-Монгол гэсэн гурван улсын морин уралдааныг Замын-Үүд дээр зохион байгуулах бололцоотой. Монголд казино байгуулдаггүй юмаа гэхэд морин тойруулгаа барих ёстой.
-Замын-Үүдэд хоёр дахь морин тойруулгаа барихаар 80 га газар худалдаж авсан байна. Бүтээн байгуулалтын ажил нь хэзээ эхлэх вэ?
-Энэ сард эхлүүлнэ. Хоёр байршилд, хоёр өөр газар морин уралдаан зохион байгуулж болдог гэдгийг, цаашид бизнес болж өргөжин тэлэх боломжтойг харуулахыг зорьж байгаа. Морин тойруулгаа олон нийтийн өмчтэй, хөрөнгө оруулалттай болгох бодол бий. Хэрвээ бид 10, 20 тэрбумыг босгочихвол үзэгчдийн битүү байгууламж, үйлчилгээний төв, морь уналгын газар, зүчээ барихад хялбар болно. Мөн Замын-Үүдийн Соёмботой хөшөөний хажууд нэг, автовокзалын хажууд хоёр га газар худалдаж авсан. Эндээ зочид буудал барих хэрэгтэй.