Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч гурван хашаа, гэр усанд автжээ
Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далангийн мөргөцгөөс ус шүүрч, айлын хашаа руу оржээ.
Тодруулбал Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрчээ.
Айлуудын хашаа руу ус орсон гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 20:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 56, 58 дугаар анги, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллажээ.
Иргэн Б-ийн таван ханатай гэр, Н, Н, Н нарын гурван хашаа усанд автсан тул усны урсцын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулгажээ.
Авто замын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.