АНУ-д үйлдвэрлэгдсэн зургаан шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүлж байна

0

“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, “ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ”-ИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийг 2020 онд эхлүүлж, чанарын өндөр түвшинд барьж байгуулан 2023 онд ашиглалтад оруулж, тээвэрлэлтийг үйл ажиллагааг эхлүүлээд байна.   

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн 5 дугаар багц буюу Хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Дэлхийд зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн энэ төрлийн зүтгүүр нь олон улсын нийт 13 оронд 6500 орчим тоо хэмжээгээр нийлүүлэгдэн ашиглагдаж байна.

Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй бөгөөд Инновац шингээсэн радиал тэргэнцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явах ангийн бүтээц юм. Ухаалаг удирдлагын системээр зүтгүүрийн ажиллагааг хянаснаар галт тэрэгний хөдөлгөөн, зүтгүүрийн найдвартай ажиллагааг бүрэн хангах давуу талтай. Мөн ААR стандарт шаардлага хангасан зүтгүүр нь засварын бааз харьцангуй бага шаарддаг найдваржилт өндөр, ашиглалтын зардал бага байхаас гадна төлөвлөгөөт засвар хоорондын хугацаа 6 сар байдгаараа онцлогтой юм. Байгаль орчинд ээлтэй Олон улсын хүрээлэн буй орчны EU Stage IIIА түвшний шаардлагыг бүрэн хангасан зүтгүүр юм.

SD70ACe/LW загварын зүтгүүрийн техникийн гол үзүүлэлтээс дурдвал:

–       5000 тонн жинтэй галт тэргийг татах

–       4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай

–       Нэг голын даац 25 тонн

–       Хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын систем

–       Хөдөлгүүрийн цахилгаан форсунк

–       HTCR загварын радиаль тэргэнцэр

–       96% найдвартай ажиллагаатай  

Монгол орны говь хээрийн байгаль, цаг уурын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай, хамгийн орчин үеийн инновац, технологийн шийдлийг шингээсэн SD70ACe/LW загварын орчин цагийн илчит тэрэг ийнхүү Монгол улсад ашиглагдаж эхлэлээ.

Монгол Улсын төмөр замын салбарт шинэ стандартыг тогтоож технологийн хувьсгал хийсэн орчин цагийн шинэ үеийн зүтгүүрүүд Монгол Улсын эдийн засаг, улс орны хөгжил дэвшилд өндөр хувь нэмэр оруулах болно.

Зүтгүүрийн депо:

“Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох зүтгүүрийн засварын төвийг АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан нь мөн л Монгол Улсдаа анхны тохиолдол юм. Тус засварын төв арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон бөгөөд эдгээрийг 9 үндсэн цех, 12 туслах цехэд хуваан байршуулсан.  Нийт 2125 м2 талбайд үзлэгийн 3 зам байрлах ба 6 зүтгүүрт зэрэг арчилгаа, засварын ажил хийх боломжтой юм.

Барилга байгууламжийн хувьд инженер, техникийн ажилчдын оффис, зэхэлтийн барилга, түлшний агуулах, зэхэлтийн саравч, технологийн цэвэршүүлэх байгууламж зэрэг цогц барилга, байгууламжуудаас бүрдэхээс гадна говийн бүсийн цаг уурын нөхцөлд тохирсон орчин үеийн хэлбэр, хийцтэй баригдсанаараа давуу талтай юм. Олон улсад хэрэглэгддэг стандарт, технологийн дагуу гэмтэлтэй эд ангийг шууд шинээр солих боломжтой тоног төхөөрөмж, гар болон цахилгаан багажуудаар бүрэн тоноглогдсон онцлогтой билээ.

Мөн Зүтгүүрт элс, хөргөлтийн шингэн, бүх төрлийн тос тосолгооны материалыг зэхэх зориулалт бүхий барилга нь түлш, тосонд дэлгэрэнгүй шинжилгээ хийх орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторитой. Зэхэлтийн саравчийг өртөөний зам дээр барьж байгуулсан нь өдөр тутмын арчилгаа, үйлчилгээг хослуулан хийх боломжийг бүрдүүлсэн нь төмөр замын салбарт анх удаа бөгөөд тээврийг хурдан шуурхай, тасралтгүй зохион байгуулахад оновчтой шийдэл болсон юм.

Вагон депо:

Мөн цогцолбор төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг Вагон засварын депо нь ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Нийт 3528 м2 6 засварын талбайд их болон дунд засвар, үйлчилгээ хийх орчин үеийн тусгай зориулалт бүхий 164 бүрэн автомат, 31 механик, 90 гар багажаас бүрдсэн 285 багц тоног төхөөрөмжтэй.

Уг засварын төв нь жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх бөгөөд 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй болон бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засварлах хүчин чадалтай юм. Мөн механик цехэд CNC удирдлагатай TCK-50A загварын токарийн суурь машин, CNC плазма зүсэгчийг нэвтрүүлсэн онцлогтой.

Мөн Тавантолгой төмөр зам компани нь өөрийн эзэмшлийн ОХУ-ын Тихвинский вагоны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн инновацын хагас 400, тавцант 403, битүү 8 нийт 811 вагонд засвар үйлчилгээ хийхээс гадна түгээмэл хэрэгцээний ачааны вагонуудыг оношилж, засвар, үйлчилгээ үзүүлэх давуу талтай.

Хөдлөх бүрэлдэхүүний засварын төвийн цэвэршүүлэх байгууламжаас гарсан саарал усаар мод тарих, зүтгүүр болон зам талбайг угааж, цэвэрлэх боломжтой ба байгаль орчинд ээлтэй, говийн нөхцөлд тохирсон оновчтой шийдэл болж өгсөн.

Ийнхүү шинэ, дэвшилтэт технологийн зүтгүүр, вагоны засварын төвүүдэд оношилгоо, засвар, үйлчилгээ хийж эхэлснээр төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүний парк сайжирч, төмөр замын тээврийн хэмжээ өсөх бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжийг өгөх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *