С.Баярцогт “Женко”, У.Хүрэлсүхтэй тохирч сонгуулийн дараа хамтарсан засгийн үед УИХ-ын дарга болохоор “зураглаж”, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж байна
АН-ынхан сонгууль болохын өмнө хоёр хуваагдав. СЕХ-нд ном ёсоороо нэг тогтоол очих ёстой. Гэвч нэр дэвшүүлэлтийн нэг тогтоол, үүнд засвар хийсэн гэсэн агуулгатай хоёр бичиг хүргэгдэж ирлээ. Арга ядсан СЕХ-ныхон өчигдрийн дотор АН-ыг эцсийн шийдлээ өгөхийг шаардаж, хэвлэлийн хурал хийснээр бүх зүйл тодорхой болж гол усаар нэг АН-ын дотоод зөрчлийг үзэж, харах нь тэр.
НЭГ, АН-д үүссэн хэрүүл Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй болсон С.Баярцогтыг эрх мэдэлд хүргэхгүй гэдгээс үүдэж байна
Тэгвэл яагаад энэ хүртэл арай гэж нэгдсэн АН-ынхан хоёр хэсэг хуваагдах болов гэдэг эхний асуулт гарч ирэх нь гарцаагүй. Шалтгаан нь сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой юм. Гэвч үүний цаана ирэх дөрвөн жилд төрд болон намдаа хэн засаглах вэ гэдэг л бэсрэг тооцоолол өрнөж буй юм.
Үүнийг хамгийн сайн өрдөж өгсөн хүний нэгээр АН дотор С.Баярцогт тодроод байна. Тэрбээр, анх прокуророос цагаадсан бичгээ хүлээж аваад мэдээлэл хийхэд нь л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс дэмжлэг авчихлаа гэж яригдаж байсан. Ерөнхий прокурор ч одоогийн Ерөнхийлөгчтэй ойлголцох хэмжээний хүн. Учир нь түүнийг Х.Баттулгын үед томилоход Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүхийн Я.Содбаатар болон ЕТГ-ын дарга З.Энхболд нар дундын хувилбар болгож Өвөрхангайн хүнийг тавьж байсан гэлцдэг. Монголд Ерөнхийлөгч болсон хүн заавал “хаан” болох гэж оролддог. Энэ оролдлогоо парламентаас эхэлдэг бөгөөд сөрөг хүчнээ биежүүлэн бойжуулаад, өөрийн намаа барьсан цагт парламентаар хүссэн шийдлээ гаргуулна. Дургүйг нь хүргэвэл Н.Алтанхуяг шиг огцруулчихна. Дур нь таарвал хууль хяналтынхны толгойг хольж, солих дүрмийн бус акцаа эхлүүлдэг жамтай.
С.Баярцогт ч цагаадсанаар улс төрд эргэн ирж, хагарч бутарсан байсан АН-ыг нэгтгэх ажлыг эхлүүлэв. Мэдээж үүний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг байгаа тул С.Баярцогт юу, юугүй АН-ыг нэгтгээд даргаар нь томилогдох шахсан гэдэг. Үүнд нь харин хаалт хийсэн хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. С.Баярцогтыг дэмжчихвэл ард нь Ц.Элбэгдоржийн талынхан амилах аюултай. Бас Лу.Гантөмөрийг бодоход тооцоотой, аль ч байдлаар хувирч улс төр өрнүүлэх чадвар нь Л.Оюун-Эрдэнийг дахиад дөрвөн жил засаглахад сөрөг нөлөө үзүүлэх байв. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн институтад сөрөг хүчнээ алдчих гачлантай нүүр тулсан Л.Оюун-Эрдэнэ “Женко” Х.Баттулгын хамжлагтайгаар Лу.Гантөмөрийг далдуур дэмжих ажлыг өрнүүлсэн түүхтэй.
Ингээд намаа авах С.Баярцогтын эхний төлөвлөгөө нурсан ч Тэргүүн дэд дарга болж сонгуулийн дараа намынхаа талыг авах ажиллагааг эхлүүлэв. Үүнд нь Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл тэргүүтэй нөхдүүд дургүйлхэв. Учир нь зөвхөн даргад өрсөлдөхөд дэмжүүлнэ. Цаашдаа дэд даргын түвшинд энэ хэдийн нэгийг зүтгүүлнэ гэдэг тохирооноосоо С.Баярцогт ухарсан нь энэ аж.
ХОЁР, Жагсаалтын төлөөх С.Баярцогт, Х.Тэмүүжин хоёрын тэмцлийн цаад шалтгаан
Болж байгаа хэрүүлийн гол сэдвийг татаж харвал жагсаалтын 9-р байранд С.Баярцогтыг бичих үү, Х.Тэмүүжинг бичих үү гэдэг маргаан л харагдах болно. Тэр Чингэлтэй, Сүхбаатарын тойрогт Б.Хурц, О.Баасанхүү нарын хэн байх нь ач холбогдлын хувьд жижиг. Гол асуудал нь жагсаалт болон нэр дэвшүүлэлтийг сонгон шалгаруулах хороог ажиллуулж С.Баярцогт дангаараа шахуу зурсанд АН-ынхан алергитаад байгаа хэрэг. С.Баярцогт нэр дэвшүүлэлтээ хийхдээ С.Эрдэнэ, Женко зэрэгтэй төлөөллүүдтэй тохироод Лу.Гантөмөрөөр зөвшөөрүүлээд оруулаад ирсэн. Х.Баттулгын эсрэг явсан олон залуус үлдэж, эсрэгээрээ түүний багагүй хүмүүс нэр дэвших эрхээ авснаар, С.Эрдэнийн хүсэл биелсэн зэргээс үүнийг тодхон харж болно.
Тиймээс ярьсан хэлснээсээ хэд хэдэн удаа буцсан С.Баярцогтыг эсэргүүцсэндээ Х.Тэмүүжинг заалнаас нэр дэвшүүлж жагсаалтын 9-р байранд бичсэн аж. Хэрэв үйл явцыг сайн анзаарвал Б.Пүрэвдорж гишүүн ҮХБ-ны хурлын үеэр “Энд орж ирээд суух нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлнэ гэж байхгүй” гэж байгаа нь ч үүнтэй холбоотойгоор хэлэгдсэн улс төрийн тэрслэлт юм.
ГУРАВ, С.Баярцогт “Женко” Х.Баттулгатай жагсаалт, нэр дэвшүүлэлт дээр тохиров
Тэгвэл жагсаалтын 9-р байранд С.Баярцогт бичигдэхийн тулд хэд хэдэн тохироо уулзалтыг хийсэн гэх мэдээлэл байна. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл орон нутагт ажиллаагүй шалтгаан нь судалгаа татаж харсантай холбоотой биз. Тэгвэл эдгээрээс сонирхолтой нэг тохироо нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн тохироо байсан талаар эх сурвалж мэдээлэв. Х.Баттулгын хүмүүс хүссэн хэмжээгээрээ нэр дэвшээгүй ч багагүй хувийн квот авсан. Түүнтэй тохирсон гол зүйл Х.Баттулгыг тойрогт нэр дэвшихийг баталгаажуулах явдал байжээ. Х.Баттулгыг нэр дэвшихэд одоогийн Ерөнхий сайд төдийлөн эсэргүүцэл үзүүлэхгүй. Харин эсэргүүцэх магадлалтай ганц субъект нь Ерөнхийлөгчийн институт. Энэ “зөвшөөрлийн хуудас”-ыг нь АН-аас төлөөлөөд У.Хүрэлсүхээс авч өгөх ганц хүн нь одоогоор С.Баярцогт л байгаа. Хариуд нь түүнийг жагсаалтад орж, нэр дэвшилтийн ерөнхий зургийг зурахад нь “Женко” саад болохгүй байхаар тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
ДӨРӨВ, Намууд хамтарсан засаг байгуулна гэдэгт итгэж байна
Ингээд МАН-аас эхлэлтэй улс төрийн зургийг том агуулгаар нь харвал сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулагдвал хэн хаана юу хийх вэ гэдэг л хэрүүл АН-д үргэлжилж байна. Сонгогчдын судалгаа ч тэр, ҮХНӨ-өөс эхлүүлээд МАН-ын барьсан бодлого бол дангаараа дахиад дөрвөн жил засаглах явдал биш. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнгээрээ эсвэл стандарт бус гэгддэг хамтралыг эрх баригчид хийх хандлага маш их бий.
Тэгвэл хэрвээ АН-ынхан олонх болвол Ерөнхий сайдад хэнийг дэмжих вэ. Ялангуяа Ерөнхийлөгчийн институт өнгөрсөн хугацааны хүссэн зүйлээ С.Баярцогтоор дамжуул авах уу үгүй юу. Эсвэл олонх болж чадахгүй ч хамтрах түвшинд очвол МАН-аас Ерөнхий сайд тавигдаж, АН-аас УИХ-ын даргыг хэн авах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Намаа олонх болгоогүй учир Лу.Гантөмөрт ҮБХ-аас нь хариуцлага тооцно. Хэдийгээр дүрмээрээ итгэл өгөх асуудлыг хурлаар хэлэлцэж болох хэдий ч өнөөдрийн энэ нам доторх эсэргүүцлийг нь харахад тийм зүйл болохгүй шинжтэй. Х.Баттулгын тал ч Лу.Гантөмөрийг хөнгөхөн замаасаа холдуулах акцыг өрнүүлэх нь ойлгомжтой. Дээр нь сая С.Баярцогтоор нэр дэвшүүлэлтээ зуруулсанд нь хорссон “Нэг Монгол” тэргүүтэй фракц хариугаа авах эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл, АН доторх өнөөдрийн нэр дэвшүүлэлтийн маргаан сонгуулийн дараа хэн эрх мэдэлтэй байх вэ. УИХ-ын даргыг аль тал нь авах вэ гэдэг тооцооллоос үүдэлтэй гэсэн үг юм.
ТАВ, Ж.Батсуурь яллагдагчаар татагдаж, хоригдох ч эрсдэл үүссэн тул жагсаалтад нуугдаж, О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж нарын эсрэг зогсжээ
“Монде” фракц сонгуулийн өмнө “Нэг Монгол”-ынхонтой илүү ойлголцсон. Үүнээс Ж.Батсуурь, Р.Эрдэнэбүрэн зэрэг хэдэн нөхөд үлдэж “Гранд Монгол” нэгдэлтэй ойлголцсон гэх мэдээлэл байна. Улс төр талаас нь харахад С.Баярцогтыг, Х.Тэмүүжингээр жагсаалт дээр солих үйл явцад О.Цогтгэрэл нэлээд зүтгэл гаргаж, ҮХБ-ны дарга Ж.Батсуурь хөдлөөгүй юм. Үүний шалтгаан нь Ж.Батсуурь дээр АТГ-аас хэрэг үүсгэсэн нь бэлэн болсон. Тогтоол дээр нь гарын үсэг зуруулах хэмжээнд тулчихсан байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь барьцаанд орчихсон. Энэ барьцаанаасаа гарахад дахиад л Ерөнхийлөгч, жагсаалт хоёр л тусална гэсэн ойлголттой яваа гэж таамаглахаар байгаа юм. Нэр дэвшүүлэлтийн үед олон хүн гайхсан үйл явц нь Ж.Батсуурь Сүхбаатар аймгийнхаа тойрогт биш, жагсаалтад орсон явдал нь үүнийг батална. Хэрвээ тойрогт нэр дэвшвэл өөрт нь үүсгэсэн хэрэг нь “шүдний өвчин” болж, магадгүй бариад хийчих ч эрсдэлтэй тул жагсаалтыг сонгож, улмаар Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл талыгаа дэмжээгүй аж.
ЗУРГАА, С.Баярцогт ба У.Хүрэлсүх үү, “Женко” ба Л.Оюун-Эрдэнэ үү
СЕХ-нд нэр дэвшүүлэлттэй холбоотой хэд хэдэн бичиг очсон. Хуулийн дагуу өчигдөр орой гэхэд намын дарга Лу.Гантөмөр жагсаалтад Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрын аль нэг нь байгаа бичгийг эцэслэн сонгож хариултыг өгсөн байх учиртай. Эх сурвалжууд Х.Тэмүүжинг жагсаалтын 9-р байранд байгаа, С.Баярцогтыг тойрогт дэвшүүлсэн бичгийг дэмжсэн гэх мэдээлэл байна.
Хэрвээ тийм бол С.Баярцогтын зүгээс тойрогт ялалт байгуулж, нам нь олонх болохгүйгээр Ардын намтай хамтарвал дээр дурдсан УИХ-ын даргын асуудал ярих сүүлийн гарц үлдэнэ. Үгүй бол тооцоолол нь өөрчлөгдөнө гэсэн нөхцөл байдалд тулж буй бололтой. Нөгөө талд нь Л.Оюун-Эрдэнэ, АН дотроос экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтарсан улс төрийн зургийг гаргах магадлал үүслээ. Товчхондоо, АН-ынхан “алаагүй баавгайн арьсыг булаацалдсан” акц өрнүүлж байна .
Эх сурвалж: Ubn.mn