Үнс нурмыг ил задгай хаяж 350 гаруй сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан байна
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.20-оос 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд) 36.437 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 295 хэргийг хүргүүлсэн байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан. Энэ хэргийг үйлдсэн иргэн “Б” 7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Өгөөмөр” захын орчимд иргэн “З”-д худалдахаар тохиролцсон байна. Улмаар “З” цааш дамжуулж уг соёлын биет өвийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “В”-д худалдан борлуулсан болох нь тогтоогдоод байна. Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн “Б”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн дагуу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, энэ оны 05 сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Дорнод аймгийн Баяндун суманд оршин суух иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үнс нурмыг ил задгай хаясны улмаас 350 гаруй сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Иргэн Д нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 04 дүгээр сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 330,362 төгрөгийн хохирол учруулж мөн хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг хус модыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх: Өнгөрсөн долоо хоногт буюу 05 дугаар сарын 21, 22-ны өдөр цахим орчинд нэр бүхий 2 цахим хаягаас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Honda Сr-z” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн, Нийслэлийн 23-р сургуулийн хажууд байх явган хүний зам дээр байнга машин зогсдог” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “Хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн”, “Тээврийн хэрэгслийг замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчилд холбогдогч 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар жолоодох эрх хасах болон торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.