Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох “Цагаан алт” хөтөлбөрийг УИХ-д өргөн барив
Монголын баялаг мал сүргийн үнэ цэнийг өсгөх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж малчин түмнийг дэмжих үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг өнөөдөр ЕТГ-аас УИХ-ын даргад өргөн барилаа.
Энэ талаар ЕТГ-ын зөвлөх З.Мэндсайхан:
-“Цагаан алт” хөтөлбөрийн тогтоолыг УИХ-д өргөн барилаа. Малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур, арьс ширийг үнэ цэнтэй болгох, үүнийг боловсруулах үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих зорилготой юм. Нийтдээ боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг гурван жилийн хугацаанд 20-30 хувь нэмэгдүүлэх, 2,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус зах зээл рүү оруулахаар төлөвлөсөн байгаа. 700 орчим тэрбумыг улсын төсвөөс, 1,5 тэрбумыг арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 800 орчим сая долларт хүргэнэ гэх тооцоололтой байна гэлээ.