Х.Баттулга Монголын сонгуулийг “нохойн наадам” болгов!

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг У.Хүрэлсүхтэй нийлээд зургаан хүн хашч ирсэн байдаг. Тэднээс Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, дараа нь МАН-д зарж, өдгөө хүүгээрээ дамжуулан улс төр хийж буй бол П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар тамгаа дараагийн хүндээ шилжүүлж өгөөд Монголын улс төрөөс явцгаасан юм. Харин Монголын улс төртэй эргэн ноцолдож, зайгаа тавьж өгөхгүй чаргууцалдаж яваа бас нэг экс Ерөнхийлөгч нь Халтмаагийн Баттулга.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн  IV тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхоноос нэр дэвшихээр АН-аас “визээ” авсан. Түүний хувьд Монголын парламентад бодлого боловсруулахын тулд нэр дэвшсэн юм биш. Тэр тусмаа Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө түүнд бүр хамаагүй асуудал.

Монголын улс төрд comeback хийхээр төлөвлөсний цаад зорилго нь Л.Оюун-Эрдэнийн суудал. Бүр холын мөрөөдөл нь Монголыг Беларусь, өөрөө Александр Лукашенко болох юм. Товчоор хэлбэл, У.Хүрэлсүхийн сууж буй өнөөдрийн суудалд дахин залрахын тулд тэрбээр АН-ыг төдийгүй МАН-ыг худалдаж чадна. Төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэр, шинэ сум, Майдар хот гэхчилэн түүний санаачилсан болгон Монголд хохиролтой, харин Х.Баттулгад ашигтай байсан.

Хоёр хоногийн өмнө АН-ын ҮХБ-ны хурал дуулиан шуугиантай, уйлаан майлаантай болсныг хүн бүхэн харсан биз. Энэ жүжгийн гол найруулагч нь Х.Баттулга агаад тэрхүү энтертайментийн үргэжлэл АН-д өнөөдөр ч өрнөж байна.

1.

Парламентын ес дэх удаагийн сонгуульд намууд 126 хүнийг нэр дэвшүүлнэ. Тойрогт 78 хүн сойж, жагсаалтад 48 хүний нэрсийг бичнэ. АН-аас нэр дэвших эрхээ эхний байдлаар авсан 126 нэр дэвшигчийн  40 хувь нь Х.Баттулгын хүмүүс гэж хэлж болно. Жагсаалтын тавд, бичигдсэн Ө.Шижирээс эхлээд тойргуудад “хуваарилагдсан” Х.Баттулгын хүмүүсийг тоолбол бараг 40 илүү гарч байна. А.Адъяасүрэн, О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Д.Батцогт, Ц.Одонтунгалаг, Б.Ариун-Эрдэн, Х.Эрдэнэбаата, Ц.Туваан, Д.Үүрийнтуяа, Т.Пүрэвхатан, Л.Мөнхбаясгалан, Т.Батцогт, Г.Болормаа, Ө.Шижир, К.Жандос, Б.Ган-Очир, Н.Энхбат, Н.Алтанхуяг гээд ил цагаан дагадаг хүмүүсийг нь зөвхөн жагсаахад ийм л байна.

АН-аас нэр дэвших эрхээ авсан атал гэнэт дуу, дуугаа авалцан “сонгууль хаялт” зарлах зарим хүмүүсийн цаана Женко.Баттулга байгаа илэрхий харагдаж, хардагдах болсон. Зарим нь Женкогийн хар гүтгэлэг, АН доторх “хар масс”-ын хандлагаас залхсан, зарим нь намдаа гомдсон байх. Гээд энэ үйл явц АН-д ашигтай тусахгүй. МАН-д ашигтайгаар эргэхгүй. Тэгвэл хэнд ашигтай вэ гэж?!. Ийм асуулт энэ үйл явдлаас мэдээж тавигдаж таараа. Хариулт нь АН-ын гишүүд “сонгууль хаялт” зарлах нь Х.Баттулгад, бүр цаашилбал Орост ашигтай.

Монголын төрд ойртуулж болохгүй хүн гэж байдаг. Улс төр, бизнесийн замнал нь худал хуурмаг, хулгай луйвраар дүүрсэн Х.Баттулгыг нэгэн цагт төрөөс зайлсанд нь Ц.Нямдорж  хүртэл баярлаж суухад АН анхнаасаа “чөтгөртэй нөхцөж” л байдаг!

Хэрэвзээ АН баруун төвийн үзэл баримтлалтай нам мөн бол өнгөрсөн хугацаанд ороо, жороогоороо ялгараад явах ёстой гэж Л.Гантөмөрт олон удаа сануулж бичсэн дээ. Нөгөө талаас нь харвал нүүрсний хулгайн хэргийн хамгийн том сэжигтний нэрсийг сонгуульд нэр дэвшүүлэх хүртэл дарамт шахалт Л.Гантөмөрт хэн үзүүлсэн байх вэ?.

2.

АН-аас нэр дэвшүүлсэн 126 хүний 40 хувь нь Х.Баттулгын фракц.  Сөрөг хүчнээс нэр дэвшигчдийн 40 хувийг халаасалсан атлаа Женко.Баттулга намаа дотроос задлах үйл явцыг сонгуультай зэрэгцүүлээд өрнүүлэх шалтгаан юу вэ?. АН дахь эргэж буцсан гомдол, эртний өс хонзонтой нь  зэрэгцээд ийм асуулт тавигдана, ойлгомжтой. Энэ нь эртнээс зурагдсан сценари байх нь, ойлгомжтой. Их ч хөрөнгө, мөнгө цацаж байгаа нь илэрхий байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зөвлөх Ц.Ууганбаяр, Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа нараараа дамжуулан “угаасан” мөнгө, 40 их наядын нүүрс /АТГ-аас нүүрсний хулгайн хэргийн топ 17 сэжигтний тэргүүнд Х.Баттулгын нэрийг Ө.Шижиртэй нь хамт зарласан/ АН-ыг болон Монголын төрийг худалдан авахад зарцуулагдаж байхыг ч хэн мэдлээ. Үүнийг шалгах ёстой юу ёстой. Учир нь, Зукербергийн халаас руу Женко.Баттулгын “хулгай”-н мөнгө мөн ч их урсч байгаа хардагдаж, харагдаж байна.

Тиймээс нэгэн дуугаар өргөдлөө өгч, сонгуульд нэр дэвшихээс татгалзаж ббуй АН-ын зарим залуусын эсэргүүцлийг далимдуулан Х.Баттулгын талынхан барьцаа улам ахиулах оролдож буй нь худлаа биш юм.

Жишээ нь, Ц.Жадамбаа нэрээ татвал оронд нь сэтгүүлч Ж.Баттуул орно гэсэн наймаа тохироо ханцуй дотор  явагдсан байхыг үгүйсгэхгүй. Х.Баттулга хэзээ ч тооцоо, судалгаагүй  зүйлд мөнгө зарахгүй хүн. Хэрэг нь дууссан бол шоронд илгээдэг. Ц.Хулан, Б.Махбал, Н.Түвшинбаяр, Б.Ганхуяг, Г.Байгалмаа, Н.Удаанжаргал, Д.Батзаяа гээд түүнийг дагасан болгон гэмт хэрэгтэн болцгоосон. Тэрчлэн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын хэрэгцээ түүнд байхгүй болсон нь энэ удаагийн АН-ын нэр дэвшүүлэлтээс тун тодорхой уншигдав.

Харин АН-ын дотроос нь задлаж, хагаралдуулаад захирахыг хүсч буй гол шалтгаан нь тамга атгах. Хэрэвзээ АН ялбал намын дарга Ерөнхий сайд болно. Хамтарсан засагт уригдвал МАН-ын хэлэлцээрт орох гол хүн нь мөн намын дарга. Ийм нохой санаагаар АН-ыг дотроос нь үймүүлж байж мэднэ.  Ямартаа ч Х.Баттулга АН-ын нэр дэвшүүлэлтийг, Монголын сонгуулийг “нохойн наадам” болгож чадаж байна. Нэгэнтээ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгыг нохой гэсэн. Нохойноос нохой санаа л гарна.

ЖИЧ: Э.Бат-Үүл баатарын үгийг АН-ын дүү нарт нь ахин сануулъя: Монголын ардчилал маань “нохойн наадам” болж дууссаныг хараад, түүний тэнгэрлэг онгодтой байсан үеийг эргэн санаад шимширч сууна даа. Үйл хэрэгт бус, эрх мэдэлд үхэлдснээс үүдэлтэй “Галзуу” өвчин байдаг л юм байна. Нүд хальтрам харагдах аж!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *