Булган ууланд сэргээн нутагшуулсан янгир ямаан сүргийн анхны төл мэндэлжээ
Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ы зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн. Үүний дараа тус оны аравдугаар сард хоёр тооны тэх дахин нутагшуулсан.
Хамгийн сонирхолтой нь Булган ууланд өмнө нь янгир нутагшиж байгаагүй ч нутгийн багачууд тус уулын энгэрт барьсан янгирын хөшөөнд тоглож өссөн бөгөөд сургуулиа төгсөөд үе үеийн төгсөгчидтэйгөө хамтран орон нутгийнхаа шүтлэгт ууланд ийнхүү янгир нутагшуулаад буй. Тус 11 тооны янгир, тэх энэ өвлийн амжилттай давсан бөгөөд сайн идээшиж, удахгүй төллөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Архангай аймгийн Булган ууланд сэргээн нутагшуулсан янгир ямаан сүргийн анхны төл мэндэлсэн бөгөөд эл үйл явдлыг зурагчин С.Ванчин гэрэл зурагт буулгажээ.