Чингис хаан Үндэсний музей сан хөмрөгөө баяжуулав

0

Чингис хаан Үндэсний музей гурван дурсгалт газраас илрүүлсэн олдворуудаар сан хөмрөгөө баяжууллаа.

МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн хоёр булшийг 2022 онд малтан судалжээ. Уг дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын өвийн үндэсний төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн 6 дугаар давхар дахь Монголын их эзэнт улсын танхимд үзмэр болгон дэглэлээ. Тэдгээрийн дунд XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрс бүхий алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг онцлох үзмэрүүд багтжээ.

Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт оршдог Балгасан тал буюу “Гол Мод 2” бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө. Тус байгууллагаас өнгөрсөн онд Говьсүмбэр аймгийн Их Сансар хэмээх дурсгалт газар дахь Хүннүгийн үед хамаарах дөрвөн булшаас илрүүлсэн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал тэргүүтэй үзмэрүүдийг хүлээлгэн өгч байжээ. Эдгээр дурсгалыг музейн гуравдугаар давхарт байрладаг Эртний төрт улсуудын танхимд дэглэхээр төлөвлөсөн байна.

Дээрх байгууллагуудын нэр бүхий хүмүүст Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэн “Батламж” гардууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *