Ерөнхийлөгч зөвлөх, АН-ын “хүн”, УИХ Ц.Цолмонг Цэцэд дэвшүүлэв

0

Сонгуулийн дуулиан дундуур Үндсэн хуулийн Цэцийн томилгоо сэм явагдаж байна. Өмнө нь Үндсэн хуулийн Цэц карьер нь дууссан улстөрчдийн орогнол болдог байсан бол сүүлийн жилүүдэд гишүүдийн нас залуужих болсон.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарын бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 24-ны өдөр дуусгавар болсон. Хуульд зааснаар Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болдог.

Бүрэн эрх нь дуусгавар болж буй Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгож, томилж байсан. Тиймээс тэдний оронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэв. Харин Ш.Солонгын орны хүнийг УИХ-аас санал болгож, томилуулах зохицуулалттай.

Б.Болдбаатар 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй. 2004 оноос УИХ-ын Тамгын газар ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2012 онд Ардчилсан нам УИХ-д олонх байхад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байв.  Түүнийг тухайн үед Ардчилсан намын Г.Батхүү агсан санал болгож томилуулж байсан бөгөөд түүнтэй ойр, нэг фракцад харъяалагддаг байсан гэж намынхан нь ярилцдаг.  Улс төрийн ажил албыг нь харвал Ардчилсан намын “хүн” гэж харж болохоор Б.Болдбаатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгов.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн бодлогын зөвлөх Р.Батрагчаагаа санал болгов.  Цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаагийн хувьд 2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.  Р.Батрагчаа нь 1995-1999 онд “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн.  Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч, 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2012 оноос “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч, 2013-2016 онд Өмгөөллийн Эй энд Эй Партнерс хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Тэгвэл УИХ-аас Цэцийн гишүүн Ш.Солонгын оронд Ц.Цолмонг дэвшүүлэхээр тохирчээ. Ингэснээр Цэц бүрдэж, даргаа сонгох юм.

Ц.Цолмон өмнө нь М.Энхболдын үед УИХ-ын Тамгын газрын даргаар, дараа нь “Эрдэнэс Монгол” компанид ажиллаж байсан юм. Хуульч мэргэжилтэй. Тэрбээр 1980-1988 онд нийслэлийн Хосе Мартын нэрэмжит 10 жилийн 52 дугаар дунд сургууль, ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эксетерийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн мастер,  АНУ-ын Колумбын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн мастерын зэрэгтэй. 1993 оноос  УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтэст компьютерийн операторч,  МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Ингээд Цэцийн гишүүний томилгоог хийгдсэнээр Цэц бүрдэж, даргаа сонгох нь ээ. Угтаа өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүд бүрдсэн ч даргаа сонгож чадахгүй багагүй хугацааг өнгөрөөсөн.

Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний орны хүнийг томилсон бөгөөд эрх баригч намынхан Цэцийн гишүүн Г.Баясгаланг даргаар томилох асуудал яригдсан ч бусад гишүүд нь дэмжихгүй, хурлаа хийж даргаа сонгож чадахгүй өдийг хүрсэн юм.

Үндсэн хуулийн Цэц нь нийт есөн гишүүнтэй. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг 2023.11.16-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон. /УИХ-аас санал болгож томилсон/
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон. /Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, томилсон/
  • Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон. /Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, томилсон/

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн О.Мөнхсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон

ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ТОМИЛГООГ УИХ 30 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ

Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед санал болгосон байгууллагаас нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилдог.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Тиймээс хаврын чуулган хаахаас өмнө Цэцийн гишүүдийг томилж, Цэц бүтэн болсноор даргаа сонгох нөхцөл бүрдэх нь ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *