Спорт загасчлал мэт “хөгжиж буй” улс төрийн баривчилгаа

0

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн алба хамтран шүүхийн шийдвэргүйгээр буюу хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан ч удалгүй суллалаа. Энэ баривчилгааг үндэслэлгүй, түүнчлэн улс төрийн баривчилгаа гэж хардах хэд хэдэн шалтгаан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” тухай асуудлыг зохицуулжээ.

Ингэхдээ дараах 3 үндэслэл байгаа тохиолдолд л хойшлуулшгүйгээр баривчлах хуультай байна. Үүнд:

  1. гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан;
  2. гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан;
  3. хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн.

Дээрх гурван үндэслэлийн аль нэг нь үүссэн байгаа тохиолдолд л хүнийг шүүхийн шийдвэргүйгээр хойшлуулшгүй баривчлах ажиллагаа явуулах бөгөөд бусад тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр буюу зөвшөөрөл гарсны дараа баривчлах ёстой юм. Тухайлбал, Ц.Гарамжавыг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа хийхээс өмнө дээрх 3-н үндэслэлийн аль нэг илэрсэн буюу нотлогдсон байх ёстой. Тухайлбал, хойшлуулшгүйгээр баривчилчхаад дараа нь орон байранд нь үзлэг хийгээд “ул мөр” илрүүлсэн бол тус хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн болно гэсэн үг.

Ц.Гарамжавыг “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан байна гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудаст нийтэлсэн шийдвэрийн тоймд тайлбарлажээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл юм. Энэ тохиолдолд, Ц.Гарамжав гэмт хэргээ дөнгөж үйлдчихээд байж байхад нь буюу үйлдсэн даруй гэрч, эсвэл гэмт хэргийн улмаас хохирсон этгээд нь Ц.Гарамжавыг “зааж өгсөн” бол энэ үндэслэлээр Ц.Гарамжавыг шүүхийн шийдвэргүйгээр хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчлах нь хуулийн үндэслэлд нийцэхээр байна.

skip-share

АТГ-д хүсэлт гарасан тус намын дарга, гишүүд мэдээж иргэний хувьд, мөн улс төрчийн хувьд хардах эрхтэй, шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.

Харин, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн  ярилцлагадаа “хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах буюу, тухайн зээлийг гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө болгон бусдын нэр дээр нуух, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна.” гэжээ. Түүнчлэн, ийнхүү шалгахдаа “Үнэн ба зөв” гэх намын дарга, гишүүдийн гомдлын дагуу шалгаж байгаа тухай Ц.Гарамжав 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр өөрийн Фэйсбүүк хуудастаа оруулсан шууд бичлэгтээ тайлбарлажээ.

Энэ хэрэгтэй холбоотой баримт болон хуулийн зохицуулалтыг харахаар Ц.Гарамжавыг хойшлуулшгүй баривчлах үндэслэл байгаа гэх итгэл, үнэмшил огт төрөхөөргүй байгаа юм.

Тухайлбал, Монполимет групп Хөгжлийн банкны зээлээ 2023 оны наймдугаар сард бүрэн төлж дуусгасан байна. Түүнчлэн, Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх нээлттэй сонсголд 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Монполимет” компанийн “Монцемент” төслийн зээлийг хэлэлцэх үеэр Хөгжлийн банкны удирдлагууд нь “Энэ төсөл сайн хэрэгжсэн.” гэсэн тайлбарыг хүртэл өгсөн байдаг.

skip-share

Хүнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан байж, шүүх нь баривчлахыг “зөвшөөрсөн” байхад прокурор нь Ц.Гарамжавыг сулласан нь бүр ч хачирхалтай.

Ийм байхад, аль 2012 онд авсан зээл, тэгээд бүр нэг жил гаруйн өмнө буюу 2023 оны наймдугаар сард төлөөд дуусгачихсан зээлийн хувьд 2024 оны тавдугаар сард “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” гэх үндэслэл гарч ирнэ гэдэг нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй болох нь харагдаж байна.

Нөгөөтээгүүр, АТГ-ын энэхүү шалгах ажиллагаа нь “Үнэн ба зөв” гэх намын дарга, гишүүдийн гомдлоор үүссэн ажиллагаа гэх тайлбарыг дээр дурдсан. Гэтэл, шүүхийн шийдвэргүй баривчлах үндэслэлийг дахин сануулвал “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрчхохирогч шууд заасан” гэх үндэслэл байна. Тэгэхээр, АТГ-аас Үнэн ба зөв намын дарга гишүүд нь нэг бол “гэрч”, эс бол “хохирогч” гэж үзсэн болж таарах нь ээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Өнгөц харахад, тус намын хүмүүс энэ тодорхойлолт хамаарах мэт харагдаж байж болох ч эдгээр хүмүүс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг “мэдэж” байгаа гэхээсээ илүүтэй таамаглаж, хардаж буй гэвэл зохино. Харин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэх тодорхойлолтод хамаарахгүй нь бүр ч илүү ойлгомжтой.

АТГ-д хүсэлт гарасан тус намын дарга, гишүүд мэдээж иргэний хувьд, мөн улс төрчийн хувьд хардах эрхтэй, шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй. Харин, эрх бүхий байгууллага нь тус хүсэлтийг нь хүлээж аваад холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах ёстойгоос биш гэрч биш, хохирогч биш хүн олон жилийн өмнө болсон үйл явдалтай холбоотой шалгуулах хүсэлт гаргаж байхад “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” гэх заалтыг баримталж хэнийг ч шүүхийн шийдвэргүй баривчилж болохгүй билээ.

Хүнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан байж, шүүх нь баривчлахыг “зөвшөөрсөн” байхад прокурор нь Ц.Гарамжавыг сулласан нь бүр ч хачирхалтай. Ёстой нөгөө “спорт загасчлал” гээд барьсан загасаа амьдаар нь гол, усанд нь буцаагаад тавьдаг шиг л үйл явдал боллоо.

Энэ бүхэн нь Ц.Гарамжавыг баривчилсан ажиллагааг улс төрийн зорилготой гэж хардахаас аргагүй нөхцөлд хүргэж байгаа юм. Тухайлбал, иргэд, олон нийтийн байгууллагад энэ баривчилгаанд анхаарлаа хандуулж, мэтгэлцэж байх хооронд өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр гэхэд л Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдийг болон улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоог “сэмхэн” хийж, “ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол” – ын гол асуудлаа хэлэлцэж амжаа биз.

Болсон явдлаас авууштай гэхээр нэг зүйл нь шүүхийн шийдвэргүй хүнийг баривчлах энэ бүдүүлэг, хүний эрхийг илтэд зөрчсөн ажиллагааг буруутгаж, шүүмжилж буй иргэд улам олон болсон байгаа нь харагдав. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн, хэн бүхний “улс төрийн” шинжтэй үйлдэл, ажиллагаа эрчимжсэн энэ үед иргэд бид улам бүр хянамгай, сэрэмжтэй байж, эрх баригчдын төдийгүй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхт чих тавьж, дуу хоолойгоо илэрхийлж байх нь зүйтэй болов уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *