“Ихбит”-ийн Б.Эрхэмбаярын нас барсан хэргийг удаан шалгасны эцэст, “Гадны нөлөөгүй” нас барсан хэмээн хэргийг хаажээ
“Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр өнгөрсөн есдүгээр сарын 17 /2023.09.17/-ны өдөр зуурдаар таалал төгссөнтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Б.Эрхэмбаярыг “Гаднын нөлөөгүй” нас барсан хэмээн уг хэргийг хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, талийгаач Б.Эрхэмбаяр нь олон тэрбум төгрөгийн хохиролтой байж болзошгүй койны хэргээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хамтаар хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор автомашиндаа нас барсан байдалтай олдсон байдаг.
Тиймээс уг хэргийг гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас техникийн шинжээч томилон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад талийгаач Б.Эрхэмбаярыг “Гаднын нөлөөгүй” нас барсан хэмээн хэргийг саяхан хаасан байна.
Ташрамд өгүүлэхэд, “Их бит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр /2024.05.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэдэнд холбогдох хэргийг шалгахдаа “Хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй” хэмээн прокурорт буцааж шийдвэрлээд байгаа юм.