ШШГЕГ-ын дарга Б.Нандинболорыг сонгуулийн үеэр гэр тарааж явах хооронд 421-р хорих ангийн ялтан нас барлаа

0

ШШГЕГ-ын удирдлагууд хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж явах хооронд 421-р хорих ангийн ялтан үйлдвэрийн осолд орж, нас баржээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор тэргүүтэй алба хаагчид зургадугаар сарын 7-ноос эхлэн хөдөө орон нутагт ажиллаж эхэлсэн.

Ингэхдээ аймгуудын хорих ангиудад очиж, нийт алба хаагчид болон ахмад настнуудтай уулзаж буй. Уулзалт бүрдээ ахмад настнуудад гэр бэлэглэж байна.

Хамгийн сүүлд, зургадугаар сарын 21-ний баасан гарагт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хорих ангиудад ажиллажээ.

Энэ томилолтын зорилго, агуулга яг таг тодорхой биш. “Албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо”, “Байгууллагын цаашдын үйл ажиллагаа, зорилго чиглэлийг танилцууллаа” гэсэн ерөнхий түлхүүр үгээр уулзалт бүрийг мэдээлжээ.

Мөн алба хаагчдын цалин, нийгмийн хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэдгээ тогтмол дурдсан. Уулзалт болгонд ахмад настнуудад гэр өгч буй зэрэг халамжийн агуулгатай эдгээр үйл ажиллагаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд гэж тайлбарлаж байна.

Тэгвэл, ШШГЕГ-ын дарга нь өөрөө аймгууд дахь салбар байгууллагууд дээрээ ажиллаж буй үйлдэл нь сонгуулийн жил, сурталчилгаат хугацаатай давхцаж байгаа тул анхаарал татаж байгаа юм.

Уулзалтад байлцсан зарим эх сурвалжуудын мэдээллээр, “МАН-д саналаа өгөх нь зүйтэй” гэсэн агуулгаар ч яриа хийж буй гэх.

Өнөөдрийг хүртэл хийсэн нийт уулзалтыг тоймловол:

  • Зургадугаар сарын 7 – Багануур, Хэнтий
  • Зургадугаар сарын 8 – Дорнод
  • Зургадугаар сарын 9 – Сүхбаатар
  • Зургадугаар сарын 10 – Дорноговь, Замын-Үүд
  • Зургадугаар сарын 11 – Говьсүмбэр
  • Зургадугаар сарын 12 – Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, ШТН төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
  • Зургадугаар сарын 20 – Орхон
  • Зургадугаар сарын 21 – Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаад байна. Нийт долоон аймаг.

Тэгвэл, өнгөрсөн баасан гарагт Амгалан дахь 421-р хорих ангид ял шийтгэл эдэлж байсан хүн үйлдвэрийн осолд орж нас баржээ. Түүнийг “Хэрэмт цамхаг” УТҮГ-д ажиллуулж байж. Улмаар хэрчигч төхөөрөмжид өртөж, харамсалтайгаар амиа алдсан байна.

Энэ нь ШШГЕГ-ын удирдлагууд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байсан өдөртэй давхцаж буй.

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор төрийн алба хашиж буй. Улс төрийн албан тушаал биш. Мөртлөө сонгуулийн жил хөдөө орон нутаг дахь салбар хорих ангиудад ажиллаж байгаа нь улс төрийн шинжтэй харагдаж байгаа юм. Ер хуулийн байгууллага босоо удирдлагын дагуу сонгуулийн үеэр санал хайрцаглах үйлдэл хийдэг нь нууц биш.

Ийн “завгүй” явах хооронд нь хорих ангид хоригдол ч амиа алдчихлаа.

ШШГЕГ-ын энэ анхаарал татам үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хяналт тавьж байна уу. Томилолтоор ажиллах зөвшөөрлийг тэр өгсөн үү. Өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Б.Энхбаяр давхар хуулийн байгууллагыг толгойлж байгаа. Хэрэв орон нутаг дахь хорих ангийн алба хаагчидтай уулзаж, гэр тарааж явахдаа сонгуулийн “сурталчилгаа” хийж байгаа бол энэ ШШГЕГ-ын даргатай хариуцлага ярих асуудал мөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *