“Метро барих ажил 2028 онд дуусаж, иргэд 2030 оноос зорчиж эхэлнэ”

0

Улаанбаатарын иргэд 6 жилийн дараа метрогоор зорчдог болно. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барих төсөл хэрэгжихээр болсон. Метро барих ажил 2025 онд, эхэлж 2028 онд ашиглалт оруулахыг Засгийн газраас мэдээлээд байв.

Энэ хүрээнд олон улсын нээлттэй тендер зарлаж, БНСУ-ын “Dohwa Engineering” компани метро барих зөвлөх үйлчилгээг үзүүлэх болж, өрөмдлөг хийх байршлуудаа ч тэмдэглээд авсан.

2024 оны долоодугаар сарын 5-нд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулав.

Улаанбаатарын метро Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд 14 буудалтай байхаар төлөвлөгдсөн.  Төсөл эхэлсэн цагаас эхлэн нийслэлээс улсын төсөвт орлого бүрдүүлэхгүй болсноор метро барих зардлаа гаргах юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц

Метро газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Шаардлагатай цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ хэмээн мэдэгдээд буй. 

ТЭГВЭЛ МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

Түнел ухагч мега өрмийн машин

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр метроны төслийн ирээдүйг хэрхэн харж буй талаар бодлоо хуваалцлаа. Тэрбээр “Манай улсад хоёр бэрхшээл байна.

Нэгдүгээрт, өрмийн машин хэрэгтэй. Монгол Улсад байхгүй учраас өрмийн машиныг тээвэрлэж авчирна. Овор, хэмжээ нь маш том, 9 метрийн урттай, 6 метрийн диаметртэй. Үүнийг тээвэрлэж авчрах логистик маш хүнд.  

“Төмөр замаар тээвэрлэж болохгүй, тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэдэг”

Хоёрдугаарт, эрчим хүчний асуудал. Метро барих компани ажлаа дуусгаад хүлээлгэж өгнө. Тууз хайчиллаа, нэг удаа метро явлаа, ингээд л тэр компани гараад яваад өгнө. Үүнээс цааш ашиглалтын асуудал үүснэ. Анх удаа метро байгуулахад аюулгүй байдал хамгийн чухал. Метро газрын гүнд 40-50 метрт зорчих тул агааржуулалт маш чухал. Агааржуулалтыг сэнсээр, цахилгаанаар шийднэ. Цахилгаа тасарлаа метро зогсож, агааржуулалт хэвийн ажиллах нөхцөл хүндэрнэ. Цахилгаан тасарсан хугацаанд хонгилд, метронд байгаа иргэн агаараар амьсгалах ёстой. Энэ аюулгүй байдлыг хангах чухал” гэв.

МЕТРО БАРИХ АЖИЛ ЯМАР ШАТАНДАА ЯВЖ БАЙНА ВЭ 

Энэ од уг төслийн хүрээнд зарим газар чөлөөлөлтийг хийх, бэлтгэл геологийн болон гидрогеологийн судалгаа боловсруулах, газар чөлөөлөлттэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах, метро барьж байгуулахтай холбоотой техникүүдийг татан авахаар төлөвлөсөн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан П.Сайнзориг мэдээлж байсан юм.

Энэ талаар бид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн “Улаанбаатар метро төслийн” менежер Т.Мөнхдалайгаас тодрууллаа. 

-Одоогоор метро барих судалгааны ажил ямар шатандаа явж байна вэ?  

-Одоогоор метро төслийн суурь судалгааны ажил эхэлсэн явж байна. 2007-2009 онд буцалтгүй тусламжаар БНСУ, Япон улс хамтарч Улаанбаатар хотод метро барих урьдчилсан ТЭЗҮ, суурь судалгаанууд хийж байсан. Гэвч 10 гаруй жилийн хугацаанд барилга байшин, дэд бүтэц өөрчлөгдсөн. Тиймээс зарим судалгаа, тооцоог дахин нарийвчилж гаргана. Үүний дараа ТЭЗҮ-г шинэчилж, төрийн ерөнхий байгууллагуудаар баталгаажуулах болно. Тухайн ТЭЗҮ-д үндэслэж барилгын ажлын тендерээ зарлах юм.  

Үндсэндээ гэрээгээ байгуулаад 20 хонож байна шүү дээ. Тиймээс суурь судалгааны ажлаа дотоодын компаниудаар дамжуулан хийнэ. Жишээ нь, геологийн судалгааг хийхийн тулд 70 м газрын гүнд бага хэмжээний цооног ухаж, хөрсийг гаргаж аван шинжилнэ. Гүүрэн байгууламж, түнел барихад хөрсний чанарын шинжилгээ маш чухал байдаг. Одоогоор дотоодын компаниудын төлөөллүүдтэй зөвлөлдөж байна.  

Газар чөлөөлөлтийн хувьд метро маань энх тайвны өргөн чөлөөний гудамжны доогуур явах учраас энэ асуудал харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна. Одоогийн төлөвлөгөөнд тусгагдсанаар Улаанбаатарт барих метроны голын зам газар доогуур, хоёр зах хэсгээрээ гүүрэн байгууламжийн дээр байна. Хотын зах руугаа орон зай нь хангалттай байгаа учир уг шийдлийг сонгосон. 

-Мэргэжилтнүүд хэлэхдээ өрмийн техникийг оруулж ирэх дэд бүтэц нь манай улсад байхгүй гэж  байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Метро маань өөрөө хоёр шугамтай буюу гол замтай байна шүү дээ. Харин бид түнелээ барихдаа хоёр жижиг түнел эсвэл нэг том түнел барихаас шалтгаалан өрмийн машинаа сонгоно. Түнел ухагч машин нь таван давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй.  

Тухайн техникийг 200-300 хэсэг болгож задлаад оруулж ирэх боломжтой. Мэдээж бүтнээр нь оруулж ирвэл хугацаа хэмнэнэ. Бусад орнууд бол усан онгоцоор зөөчихдөг.

Гэхдээ бид дэд бүтцэдээ тааруулаад задалж оруулж ирэх нь зөв сонголт. Ойролцоогоор 1-3 сарын хугацаанд угсардаг. Уул уурхайн том техникүүдийг ч задалж оруулж ирээд Монголдоо угсарч байгаа олон жишээнүүд бий шүү дээ. 

-Метро барих нийт төсөв хэд вэ?

-Одоогийн тооцооллоор 1.3 тэрбум ам.доллар буюу 4.1 их наядын төсөвтэй. Энэ төслийг хэрэгжүүлэхэд маш том баг хэрэгтэй. Олон салбарын экспертүүд, мэргэжилтнүүд хэрэгтэй байдаг.

Метроны чиглэлээр мэргэшсэн ганцхан хүн маш их хэмжээний төсөв яригдаж байгаа төслийг хэрэгжүүлж чадахгүй. Тийм болохоор энэ төсөлд зөвлөх компани оролцуулж байгаа.

Уг компани нь захиалагчид ашигтай байх гэрээний материалыг бүрдүүлж, олон улсын стандартад нийцүүлэн ажиллах болно. Үндсэндээ бидний тооцооллоор метро барих барилгын ажил 2028 онд дуусаж, 2030 онд уг төслөө дуусгахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, 2030 оноос хотын иргэд маань метрогоор зорчиж эхлэх юм.

Ийнхүү Улаанбаатарчууд бид сүүлийн 20 жилийн турш метротой болох сураг сонссоор ирсэн. Үе үеийн төр засгийн удирдлагууд ч түгжрэлийг бууруулахад толгойгоо гашилгаж олон янзын тээврийн хэрэгслүүд санал болгосоор байна. Тухайлбал , дүүжин гүүр, LRT, BRT гэх олон санаачилга бий. Гэхдээ одоогоор энэ бүгдээс нэг нь ч хэрэгжээгүй байна. Энэ мэт олон санаачилга, төслийн эхлэл гацсанаас үүдэн дөрвөн жилийн хугацаанд метро барих нь үлгэр мэт сонсогдож байна хэмээн иргэд шүүмжилсээр байна.  

Хотын иргэд ч гэлтгүй манай улсын хүн ам автомашины түгжрэлээс болж бухимдаж байна. Метро барих зөвлөх үйлчилгээнд л гэхэд ₮54.6 тэрбум, бүтээн байгуулалтад ₮333 тэрбум зарцуулах энэхүү ажлыг иргэд бид хүлээх л үлдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *