ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 100-900 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Зуны урт амралт дуусаж, шинэ хичээлийн жил эхлэх цаг хаяанд иржээ. Жил бүрийн өдийд эх орны өнцөг булан бүрээс нийслэл хотыг зорин ирэх оюутны цуваа тасардаггүй. Сүүлийн жилүүдэд элсэгчдийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Энэ жил гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 33,414 сурагч оролцсон аж. Өнгөрсөн жил их, дээд сургуулийн сургалтын төлбөр 100-500 мянган төгрөгөөр нэмэгдэж байсан. Тэгвэл бид энэ жил их, дээд сургуулийн сургалтын төлбөр, оюутны байрны жилийн түрээс хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд элсэхдээ бүтэн жилийн төлбөрөө төлсөн тохиолдолд хичээл сонголтоо хийдэг. Харин хоёрдугаар курсээс эхлэн төлбөрөө улирал эхлэхэд төлж, хичээл сонголтоо хийнэ.
МУБИС-ИЙН СУУРЬ ТӨЛБӨР ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ САЯ 361 МЯНГА ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж, өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн. Мөн МУБИС-д 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэж байна. Сургалтын төлбөрийн хувьд суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө.
МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2022 онд хоёр сая 300 мянган төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилд хоёр сая 808 мянга болж, 508 мянган төгрөгөөр төгрөгөөр нэмэгдэж байсан. Харин энэ жил гурван сая 561 мянган төгрөг болж, 753 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Мөн 2024-2025 оны хичээлийн жилээс багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төлбөрт өөрчлөлт орж, Засгийн газрын шийдвэрийн дагуу үнэ төлбөргүй болгосон. Ингэхдээ дараах шалгуурыг хангасан багш мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнууд үнэгүй сурна.
Үүнд:
- Харгалзаж үзэж буй хичээлүүддээ 480-аас дээш оноотой шинэ оюутан 100 хувь тэтгэлэгтэй.
- 2-4 дүгээр курсийн оюутнуудын өмнөх улирлын голч нь 2.7-гоос дээш.
- Гэрээний гол заалт: МУБИС-ийг төгссөний дараа орон нутагт 3-5 жил ажиллах юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Монгол Улсын Их Сургуулийн 2-4 курсын нэг кредитийн төлбөр 135,600 төгрөг байна. Харин шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 154 мянган төгрөг болжээ. Тэгвэл өмнөх жил 123,300 төгрөгийн үнэлгээтэй байжээ.
Мөн дотуур байрны жилийн төлбөр өнгөрсөн жил 117,000 төгрөгөөр буюу 13 хувиар нэмэгдэж 897,000 төгрөг болж өссөн. Харин энэ жил 986.700 төгрөг болсон байна.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ШУТИС судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилт тавин ажиллаж байна.
Тэгвэл тус сургуулийн сургалтын төлбөр хөтөлбөрөөсөө хамааран нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 142,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Харин өнгөрсөн жил дундаж нь 107.040 төгрөг байжээ. Мөн ШУТИС-ийн сургалтын төлбөр суралцаж буй курсээсээ хамааран кредитийн төлбөр 30-60 мянган төгрөгийн зөрүүтэй байдаг байна. Тэгвэл оюутны дотуур байрны төлбөр 800 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй.
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
1961 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон. Анагаах болон Уламжлалт анагаахын таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй. 2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын, Санхүү, эдийн засаг, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Хангамж үйлчилгээний газрууд, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Мэдээлэл технологийн, Мэргэжил дээшлүүлэх институт, Оюутны, Эрдмийн сургалтын албадууд, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухаан технологийн төв, Цөм лаборатори, Анагаах ухааны төв номын сан, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны I, II, III байр, “Эрхэс” сувилал, “Баян чандмань” сувилал, НАСС-ийн эмнэлэг зэрэг нэгжтэй ажиллаж байна.
Бакалаврын нэг кредитийн төлбөр 67,000-130,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Харин жилийн төлбөр мэргэжил, салбар сургуулиасаа хамаарч харилцан адилгүй дунджаар дөрвөн сая 300 мянган төгрөг байгаа аж.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
ХААИС нь 1958 онд Мал эмнэлгийн ангийг нээж түүхэн замналынхаа анхны хуудсыг эхлүүлсэн. Одоо бүрэлдэхүүн таван сургууль, орон нутгийн салбар нэг сургууль, харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй, эрдэм шинжилгээ-сургалт үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний, төрийн өмчийн, ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. Шинжлэх ухаан, шинэ техник технологид суурилсан сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулан 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байна.
ХААИС-ийн сургалтын төлбөр 2021 онд нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 111,000-128,000 төгрөгийн хооронд байсан. Харин 2022 онд 156,000 төгрөг болж, 30 хувиар нэмэгдүүлсэн. Тэгвэл энэ жил ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудын төлбөр мэргэжил харгалзахгүй ижил дүнтэй байна. Нэг кредит хичээл 135,000 төгрөг байгаа аж. Харин дотуур байр нь мянган оюутан хүлээн авах чадалтай. Төлбөр нь 800 мянган төгрөг байна.
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
Соёл урлагийн их сургууль нь бүрэлдэхүүн зургаан сургууль (Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Соёлын сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль), Бадмаараг ахлах сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн , Завхан дахь Хөгжим бүжгийн коллежтой, бакалаврын 26, магистрын 34, докторын хоёр хөтөлбөрөөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
СУИС-ийн харьяа Соёлын сургуулийн тухайд 1-3 дугаар курсийн оюутнуудын нэг кредитийн төлбөр 99 мянган төгрөг байна. Харин дөрөвдүгээр курсийн сургалтын төлбөр 91.000 төгрөг. Өмнө жил нэг кредитийн төлбөр 63,700 төгрөг байсан аж.
Боловсролын ерөнхий хууль 2023 онд шинэчлэн батлагдсан. Ингэхдээ Дээд боловсролын тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хүрээнд тус хуулийн 27.1.4 сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох гэж заасан. Тэгэхээр цаашдаа төрөөс их, дээд сургуулийн төлбөрийг тогтоож, өөрчлөлт оруулахгүй. Тухайн сургуулийн удирдах зөвлөл хөтөлбөртэй тааруулан төрөөс хараат бусаар төлбөрөө шинэчилнэ гэсэн үг юм.