Вьетнамын цагдаад үүрэг гүйцэтгэж буй 104 монгол морийг эх оронд нь авчрах ажлыг Засгийн газар хариуцан, зохион байгуулна

0

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нь есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 01-ний хооронд манай улсад айлчилсан. 

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм.

-2019 ОНД ӨГСӨН 104 МОРЬ НЬ ВЬЕТНАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД НЭР ТӨРТЭЙГӨӨР ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА –

Энэ үеэр манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд үүрэг гүйцэтгэж буй монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон юм. 

Монгол, Вьетнамын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2020 онд 81 адуу, дөрвөн азарга, 20 гүү нийт 108 адууг тус улсад аваачсан байна.

Одоо эдгээр адуу өсч үржээд 140 гаруй тооны болжээ. Тодруулбал, 2019 онд Вьетнамын одоогийн Ерөнхийлөгч То лам нь Нийгмийн аюулгүй байдлын яамны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж, тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржид  дээрх морьдыг авах саналыг тавьж байжээ. Үүнээс хойш албаныхан холбогдох гэрээг хийж, ажилласны дагуу 2020 онд дээрх морьдыг Вьетнамд хүргүүлсэн байна.

Одоо тус монгол адуунууд нь гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх албанд зүтгэж, эрэн хайх, аврах, эмх замбараагүй нөхцөл байдлыг арилгах ялангуяа машин техник ашиглах боломжгүй хилийн бүс уулархаг нутагт хүчин зүтгэж, аюулгүй байдлыг сахиулахаар ажиллаж байгаа аж. Тэгвэл 2023 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам улсад айлчлахдаа дээрх монгол морьдоо эргэсэн бөгөөд дээрх 100 адууг эх оронд нь авчраад зөрүүлээд өөр адуу өгье гэх шийдэлд хүрсэн гэдэг.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2023 ОНД ВЬЕТНАМД АЙЛЧЛАХДАА ДЭЭРХ МОРЬДЫГ ЭХ ОРОНД НЬ АВЧРААД БУЦААЖ ӨӨР МОРЬД ЯВУУЛАХ ШИЙДЭЛД ХҮРЧЭЭ-

Учир нь энэ айлчлалын үеэр Вьетнамын талаас уналаг эдэлгээнд хэрэглэх зорилгоор дахин амьд адуу авах хүсэлтийг тавьсан байж болзошгүй байгаа юм. Энэ ч үүднээс өнгөрсөн өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламыг айлчлах үеэр уг асуудлыг хөндөж, “Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ.

Үүнтэй холбоотойгоор хоёр улсын Засгийн газраас ажлын хэсэг гарган өмнөх морьдоо тоолж авчрах ажлыг зохион байгуулах аж. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ахалж ажиллах болов уу гэсэн таамаг байна. Тэгэхээр ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар тус асуудлыг шийдвэрлэх бололтой. 

Эх сурвалж: isee.mn


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *