Ж.Сандагсүрэн: Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд Ханын материалд 9.2 га газрыг чөлөөлөөд байна
НИТХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн, Б.Хуягбаатар, Д.Ундармаа, Г.Батбаяр нар өнөөдөр сонгогчидтойгоо уулзлаа.
НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн:
-Дэлхий дахинд “20 минутын хот” гэж үзэл санаа явж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүх түвшинд засаг захиргааны шинэчлэл явагдаж, 15 хоттой нийслэл болох мөрийн хөтөлбөрийг МАН-аас энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн. Эдгээр хотод иргэд төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандартыг тогтооно гэсэн үг.
Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлж, Улаанбаатарыг 15 жижиг хотод хувааж, 4-5 хороог нэгтгэх замаар 42 нэгж байгуулна. Хотууд нутаг дэвсгэр дээрээ иргэдийнхээ асуудлыг бичил байдлаар шийддэг болох юм. Засаг дарга нар нь төсвийн болон аж ахуйн бүх асуудлаа өөрсдөө хариуцна.
Дэд төвүүдэд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг эрүүл аюулгүй амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн цогц үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлт бүхий 40,000 айлын орон сууцны цогцолбор хорооллыг барьж ашиглалтад оруулна. Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд Ханын материалд 9.2 га газрыг чөлөөлөөд байна.