Г.Батсайхан: Багтаамжид суурилсан төлөвлөлтийг мөрдөх ёстой
Нийслэлийн НИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн Хан-Уул дүүргийн иргэд сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 16, 25 дугаар хорооны иргэдтэй уулзаж, зорилго зорилтоо танилцууллаа. Энэ үеэр Г.Батсайхан “Бид иргэн хожсон, хүн төвтэй хотыг бүтээх ёстой.
Маш энгийнээр тайлбарлавал, хүн гэртээ ая тухтай байдаг шиг гаднах орчин ч бас иргэдэд ийм ээлтэй байх учиртай.
Үүний тулд багтаамжид суурилсан төлөвлөлтийг мөрдөх шаардлагатай” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, цөөн давхар бүхий барилгатай, авто зогсоол хангалттай хүрэлцэх, тоглоомын талбай, ногоон байгууламж нь иргэдийн ая тухыг бүрэн хангах, стандартыг нарийн чанд мөрдсөн орчныг төлөвлөх тухай ойлголт аж.
Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт зэрэгт дээрх төлөвлөлтийг ягштал барих ёстойг нэмж хэлсэн. Г.Батсайхан Герман улсад барилга хот төлөвлөлтийн инженер мэргэжил эзэмшжээ.