Шатсан барилгад зарцуулж буй 2.9 тэрбумыг “Дашваанжил ХХК” төлж барагдуулах уу
Өнгөрсөн нэгдүгээр сард “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, Батлан хамгаалах яамны эзэмшлийн “Nissan Patrol” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон.
Дэлбэрэлтийн улмаас хамгийн их хохирол амссан нь тухайн хэсэг дэх 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид юм. Олон сарын турш тухайн байрны иргэд байр түрээслэн амьдарч байсан бөгөөд саяхан НЗДТГ-аас тус байрыг нураагаад дахин барих шийдвэр гаргасан. УОК-оос өнгөрсөн хугацаанд Нийслэлд 2.9 тэрбум төгрөг олгосон бөгөөд үүний 1.5 тэрбумыг оршин суугчлын түрээсийн мөнгөнд зарцуулсан юм. Харин үлдсэн мөнгийг нь 207-р байрыг нураах зардалд ашиглахаар хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан юм.
Энэхүү дэлбэрэлтийн гол эзэд болох “Дашваанжил ХХК” болон БХЯ-ны эзэмшлийн автомашины жолоочид ямар үүрэг хүлээж байгаа нь анхаарал татаж байна.
Тус барилгыг нураагаад дахин барих ажлын хэсгийн ажилтнаас “Дашваанжил” ХХК-тай холбоотой мэдээллийг тодруулахад, “Одоогоор мэдээлэх боломжгүй. Ямартай ч нийт зардал болон оршин суугчдын түрээсийн төлбөрийг цаашид хэрхэх талаар хэлэлцэж байгаа. Хамгийн түрүүнд тус компаниас бид нөхөн байрыг дахин барих мөнгийг нэхэмжлэх болно” гэсэн юм.
Мөн энэ талаар “Дашваанжил” ХХК-иас тодруулахаар холбогдоход, “Одоогоор мэдээлэл өгөх боломж байхгүй” гэсэн юм.
Бид БХЯ-тай холбогдохоор тус байгууллага руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй юм.
Үүнээс харахад, “Дашваанжил” ХХК-иас нийслэл “Эдү апартмент” 207-р байрыг нураагаад дахин барихад зарцуулах төлбөрийг нэхэмжлэхээр ажиллаж байна.
- Дэлбэрэлтэд өртсөн 207-р байр
- Дэлбэрэлтэд өртсөн 207-р байр
- Дэлбэрэлтэд өртсөн 207-р байр
- Дэлбэрэлтэд өртсөн 207-р байр
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байр
Мөн өмнө нь хэд хэдэн удаа тус компанитай холбоотойгоор хүмүүс амь нас бие эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд тус компанид дэлбэрэлтийн дараа хэд хэдэн зөрчил илэрч байжээ.
-“Дашваанжил” ХХК-иас илэрсэн зөрчлүүд-
Дэлбэрэлтийн дараагаар “Дашваанжил” ХХК хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам болон хөдөлмөрийн норм баталж, мөрдүүлээгүй.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой зөрчил гарсан. Тухайлбал, 518 ажилтантай томоохон байгууллага хэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц тогтолцоо, ажилтангүй байгаа юм. Хуулийн дагуу эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр заавал энэ чиглэлийн ажилтан байх ёстой гэж үздэг.
Түүнчлэн зайлшгүй ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх ёстой байдаг. Тухайн аж ахуй байгууллага, нэгжид ямар эрсдэл байна вэ, жолоочийг ажилд явуулахад ямар эрсдэл учирч болохыг урьдчилан тооцоолж, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг төлөвлөж, эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. Гэвч тус компани ажил олгогчийн уг үүргээ биелүүлээгүй. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрч байжээ
-Дашваанжил компанийн газ дэлбэрч, иргэд хэд хэдэн удаа эрүүл мэндээрээ хохирч байжээ-
Тухайлбал:
- 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Жаргалан” зоогийн газарт “Дашваанжил” ХХК-ийн газ дэлбэрч хоёр хүн хөл болон гарандаа түлэгдэж гэмтсэн байна.
- 2012 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн төвийн орон сууцад “Дашваанжил” ХХК-ийн борлуулсан 5 литрийн багтаамжтай хийн торх (баллон) дэлбэрч нэг айлын 3-4 хүн түлэгдэж гэмтэн, 200 гаруй айл орох оронгүй болж байв.
- 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртэж байжээ.
- 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Ногоон зоорь орчимд “Дашваанжил”-ын газ дэлбэрсний улмаас өсвөр насны хүү, ой гарантай дүүгийн хамт гэмтэж шархдаж байжээ.
Энэ мэтчлэн тус компанитай холбоотой олон осол гарч, иргэд эрүүл мэнд, эр хөрөнгөөрөө хохирдог ч хуулийн хариуцлага хүлээж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Eguur.mn