Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг хэзээнээс хийх нь тодорхойгүй байна
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд хийж эхэлнэ гэдгийг салбарын яам, холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Тэгвэл өсвөр насны охид, хөвгүүдэд хийх заалттай уг дархлаажуулалтыг одоо болтол эхлүүлээгүй байна. Энэ талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад “Сайдын тушаал гараагүй” гэсэн бол ХӨСҮТ-ийнхөн “Вакцинжуулалтыг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж огт товлоогүй. Ямартай ч бид холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байгаа. ЭМЯ-ны шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм.
Манай улс умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч HPV-ийн эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд хамруулсан. Гэвч уг вакциныг эсэргүүцэгчид хэвлэлийн хурал хийж, шүүмжлэлт байр сууринаас хандсаар байгаа.
HPV-ийн эсрэг дөрвөн цэнт вакциныг манай улс НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар оруулж иржээ. Тус вакцин нь АНУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын гэрчилгээтэй аж. Өсвөр насныхныг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө уг дархлаажуулалтыг хийснээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирусээр халдварлахгүй. Цаашлаад бэлгийн үү, шулуун гэдэсний хавдраас ч давхар сэргийлдэг тул улс орнуудыг дархлаажуулалтын товлолдоо оруулж, хүүхдүүдийг аль болох идэвхтэй хамруулахыг ДЭМБ-аас зөвлөж буй. Тус байгууллагаас 2030 он гэхэд 15 хүртэлх насны охидын 90 хувийг HPV-ийн эсрэг вакцинд хамруулах зорилт тавьжээ.