Төсөв 2025: Засгийн газар хамгийн өндөр зээл, тусламжийг ХААНААС авах вэ?
Засгийн газраас “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 633.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 33 төсөл, арга хэмжээ хэрэгжих бөгөөд үүний 99.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 8 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 533.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 25 төсөл шинээр хэрэгжинэ.
Засгийн газрын гадаад зээл, тусламжаар 371.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 18 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12,406.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 639 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 4,276.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн нь өмнөх онуудынхаас
хамгийн өндөр төсвийн хөрөнгө оруулалт болж байгаа буюу ДНБ-ний 4.5 орчим хувьтай тэнцэхээр байна.
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний 2025 оны зээлийн ашиглалтад 90 төслийн 2,209.0 тэрбум төгрөг, тусламжийн 27 төслийн 417.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ
Ирэх онд тусгахаар төлөвлөсөн зээл, тусламжийн санхүүжилтийн 37 хувийг олон талт хамтын ажиллагааны хүрээнд, 63 хувийг 2 талт хамтын ажиллагааны эх үүсвэрээс бүрдүүлнэ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилт хамгийн өндөр буюу 23 хувь, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санхүүжилт 18 хувь, Бүгд Найрамдах Солонгос Улсын санхүүжилт 11 хувийг эзэлж байна.
Засгийн газрын 2025 оны гадаад зээл, тусламжийн ашиглалтыг бүтцийн хувьд авч үзвэл 2,035.0 тэрбум төгрөг буюу 77.5 хувийг хөрөнгө оруулалтын зардалд, 332.0 тэрбум төгрөг буюу 12.6 хувийг дамжуулан зээлдүүлэх зардалд, 259.0 тэрбум төгрөг буюу 9.9 хувийг урсгал зардлын санхүүжилтээр тус тус ашиглахаар төлөвлөжээ.
Эх сурвалж:24tsag.mn