Газрын тос боловсруулах үйлдвэрийн 550 айлын хотхоны барилгын ажлын туслан гүйцэтгэгчид 4.2 тэрбумыг олгож, хүүнд 519.7 саяыг төлсөн ч барилга нь баригдаагүй байна

0

Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн билээ. Улмаар “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Энэ ч утгаараа өнгөрсөн есдүгээр сард /2024.09.16/Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байдаг.

Тэгвэл “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт баригдах ГТБҮ-ийн 550 айлын хотхон байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудад 4.1 тэрбумын санхүүжилтийг олгосон ч барилгын ажлууд зогссоноос хүүгийн төлбөр нэмэгдсэн болох нь аудитын шалгалтаар илэрчээ. 

Тодруулбал,

  • ГТБҮ-ийн 550 айлын хотхон байгуулах төслийн туслан гүйцэтгэгч Зэвсэгт хүчний барилга инженерийн 339 дүгээр ангийн гүйцэтгэж буй 21.8 тэрбум төгрөгийн зургаан барилгын ажил 2021 оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч ажлын тоо хэмжээ, төсөвт маргаан үүссэнээс ажил нь зогссон байна.
  • Мөн туслан гүйцэтгэгч “Тобэм” ХХК-ийн гүйцэтгэж буй 9.2 тэрбум төгрөгийн хоёр барилгын ажил 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орохоос санхүүжилт эх үүсвэр буюу Хөгжлийн банзны зээл нь гараагүй гэх шалтгаанаар зогссон байна.

Гэтэл ГТБҮ-ийн 550 айлын хотхоны барилгын ажлын урьдчилгаанд дээрх туслан гүйцэтгэгчид 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байжээ. Үүгээр зогсохгүй ажил хийгээгүй, гүйцэтгэл гараагүй зээлийн хүүгийн зардалд 519.7 сая төгрөг тооцож, алдагдалыг өсгөсөн болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Угтаа аудитын байгууллагаас өмнөх оны аудитаар урьдчилж төлсөн тооцоог барагдуулж зээлийн хүүгийн зардлаар алдагдал нэмэгдүүлж байгаа зөрчлийг арилгахаар “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д албан шаардлага хүргүүлж байсан ч хэрэгжүүлж ажиллаагүй аж. 

Товчхондоо, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг нь ГТБҮ-ийн 550 айлын хотхон байгуулах төслийн туслан гүйцэтгэгч компаниудад 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, үүнийхээ хүүнд 519.7 сая төгрөг төлж, үр ашиггүй ажиллажээ. 

Угтаа газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно хэмээн тооцож буй.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *