Ахлах ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцлаа.
Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэлтэй болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.
Үүний дараа Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд сурагчдыг хүлээн авах үеэрээ эрүү, иргэн, захиргааны хэргийн онцлог болон шүүгчийн ажлын ачааллын талаарх асуултад хариулт өгсөн бөгөөд энэ үеэрээ шүүхийн чиг үүрэг нь хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог болохыг онцоллоо.
Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь сурагчдыг албан өрөөндөө хүлээн авч шүүхийн бэлгэ тэмдэг, алх, дэнс, шүүгчийн өмсгөлийг танилцуулж, шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар ярилцан, тэдний үзэл бодлыг сонсов.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт сурагчдад мэдээлэл хийж, “Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэн байдаг. Алганд багтахуйц жижиг буюу цөөхөн зүйл, заалттай хуулиар дэлгэсэн тэрлэг шиг нутаг дэвсгэр дээр байгаа 3.5 сая хүн амын амьдралыг шийдэж болдог. Бүгдийг нь шийдэх хүч чадал нь Үндсэн хуульд байдаг. Харин шүүгч гэдэг бол хүмүүсийн харилцаанаас үүссэн зөрчлийг шийдвэрлэдэг хүнийг хэлнэ” хэмээв.
Сурагчдыг төлөөлж Д.Энхмэнд “Би шүүгч болно гэж боддог. Тиймээс Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүх эрх мэдлийн талаар мэдэж авсандаа баяртай байна” гэсэн юм. Мөн Х.Мөнххайр “Нийгэмд дохионы хэл түгээмэл ашигладаггүй учраас нийгмийн харилцаанд орж мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Шүүхийн үйл ажиллагааны талаар төдийлөн сайн ойлголтгүй байсан. Энэ удаа өөрийн биеэр танилцаад олон зүйл мэдэж авлаа” гэв.
Иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурагчдын мэргэжил сонголтод туслах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр сурагчид сонирхсон асуултдаа шүүгч нараас хариулт авсан юм.