УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

0

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ Монгол Улсын 2025 оны төсөв, хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

Санал хураалтад УИХ-ын нийт 89 гишүүн оролцсоноос 76 нь  дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоол батлагдав.

Хоригийг хүлээн авахын өмнө гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв. 

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-2025 оны төсвийг дахин хэлэлцэхдээ төсвийн тэнцлийг сайжруулахын тулд урсгал зардлаа хасах юм уу, хөрөнгө оруулалтаа хасах юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Арваннэгдүгээр сарын 8-наас хойш зүгээр суусангүй. Төсөвт тодотгол хийсэн ч бай,  хориг ирсэн ч бай бэлтгэл хангаад тооцооллуудаа хийгээд явж байна. Саналаа УИХ -д хүргүүлэхэд бэлэн. Одоо тодорхой ярихаар УИХ -ын эрхэнд халдсан хэрэг болно. УИХ -ын шийдвэрийн дагуу төсөвт өөрчлөлт хийх тохиргоонуудаа хийгээд явах байх.

Бидний зүгээс нийт олны хүлээлтийг хангахаар ажиллана.

Саналын хэмжээнд хэлэхэд урсгал зардал, төрийн байгуулагын бүтэц данхайсан, томорсон үр ашиггүй байгаа эдгээр зүйлүүд дээр Засгийн газар илүү үр дүнтэй байлгах талд тооцоо судалгаа хийж, ямар урсгал зардлыг танаж болох нь вэ, ямар зарим үйл ажиллагааг зогсоож хязгаарлаж болох нь вэ. Ямар хөрөнгө оруулалтыг нэг, хоёр жил хойшлуулж болох нь  вэ гээд ийм дарааллаар саналаа бэлтгээд хүргүүлэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхийлөгчөөс тавьж байгаа хоригийг авахгүй гээд яах юм. Хэдхэн хоногийн өмнө “Энэн шиг сайхан төсөв алга, цэнгэлийн манлайд хүрэх гэж байна” гэсэн. Одоо бол эсрэгээрээ ярих нь.

Ямар хүмүүс сонгосон, ямар Засгийн газар ажиллаж байгааг ард түмэн хараад сууж байгаа байх.

Маш их цаг хугацааг алдаж байна. Сангийн сайдын байнга давтаад байгаа зөв. Төсвийн нэг төгрөг бүрийг үр дүнтэй зарцуулах ёстой гэж байна. Энэнийх нь дагуу зохицуулах ёстой. Алдагдалгүй төсөв батлах ёстой гэлээ, энэ жилээс хойш алдагдалгүй төсөв батлах юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энийгээ хуулиа шинэчлэхдээ оруулаад өгье.Алдагдал гэдэг чинь өр. Гаднаас л авна, энийгээ боль гэж байна зүйтэй.

2024 оны төсвийг тодотгосны дараа сайд нар нь хүмүүсээ Фукок руу явуулдаг, 19 сая төгрөгөөр сэтгүүлийн ширээ авдаг. Ээнэ бүхнийг харчихаад Ерөнхийлөгч хориг тавьсан юм байна гэж ойлголоо.

Сонгуулиар мөрийн хөтөлбөртөө заасан юмнууд хаа байна вэ. Ард түмэн засаглах эрхээ гишүүдээрээ дамжуулж хангаж байгаа. Олонхитой УИХ, энийгээ буруу хийгээд явчихав уу. УИХ- ын гишүүнийг юу хийхийг заадаг хүн байж таарахгүй, ард түмэн заана. Засгийн газар ажлаа яаж хийхийг бид нар заана.  

Засгийн газар чадваргүй байна шүү гэдгийг анхааруулж байсан, төсвийг анхнаас нь татаа гэж хэлж байсан би.

Гэтэл ийм байдалд орж байгаа байхгүй юу. Одоо төсвийг дутуу дулимаг хэлэлцэж болохгүй.  Эхнээс нь хэлэлцэх ёстой.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар:

-Сонгуулийн амлалтдаа нийт улс төрийн намууд төсвийн зарлагыг танаж, данхайсан төрөөс цомхон төр лүү шилжинэ, инляцийг хязгаарлана гэсэн нийтлэг амлалт өгсөн.

Төсвийн урсгал зардлын өсөлтийг танахгүй бол инфляцид үзүүүлэх нөлөө, ханшид үзүүлэх нөлөө нийт хүн амын амьдралд сөргөөр нөлөөлнө.

2.5 тэрбум ам.долларын импортын төлбөрийн тэнцэлд үзүүлж болзошгүй дарамтыг стресс тестээр шалгаж үзээд төлбөрийн тэнцэл хос алдагдалтай явж ирсэн өнгөрсөн 25 жилийн хугацаанд өнөөдрийн манай ханш тэнгэрт тултал өсч, түүнээс шалтгаалсан импортоор өдөөгдсөн инфляцийн хувь хэмжээ ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.  Ийм учраас энэ хоригийг тавьсан. Төсвийг алдагдалгүй батлах шаардлага энэ.

Үр ашиггүй зардлыг танаж, алдагдалгүй төсөв баталж байж, өрийг нэмэгдүүлэх, инляцыг өдөөх хүчин зүйлийг хязгаарлана.

Төсвийг алдагдалгүй батлах нь одоогийн цаг үеийн шаардлага гэж үзэж байгаа.

Хоригийг хялбаршуулсан журмаар хэлэлцээд бусад 53 хуулиар зардлыг 3.5 их наядаар нэмэгдүүлээд байгааг бүх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг хориг өөрөө нээж өгч  байгаа. Бүхэлд нь хориг тавьж байгаад эдийн засгийн, төсвийн тохиргоо хийх зорилгоор бүхэлд нь хориг тавьсан.Тийм учраас 1.9 их наядын зардлыг хэмнэх тооцоо боломжийг гаргасан. Үр ашиггүй зардал инфляци ханшийн өсөлт үүсгэнэ.

ХуваалцахЖиргэх

16 : 30

2024-11-22

“Сангийн сайд Б.Жавхланд хариуцлага тооцох ёстой”

Монгол Улсын 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор асуулт, хариулт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  

-Ийм байдалд орохооргүй байх бололцоо байсан, харин ч төрийн тэргүүн УИХ, Засгийн газрыг нэг талаас нь аварлаа.

Хоригийг УИХ хүлээж авсан нөхцөлд парламент ямар дэг горимоор явах вэ гэдгээ тодотгосны дараа хэлэлцэх шаардлагатай. Тэгэхгүй бол цаашдаа маргаан тасрах шинжгүй байна, Ерөнхийлөгчийн хориг хангагдахгүй бол дахин хориг ирэхийг үгүйсгэх аргагүй гэсэн.

УИХ ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Хоригийг хүлээн авсантай холбоотой төсвийг хэрхэн хэлэлцэх тухай нарийвчилсан дэг байхгүй. Төсвийн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг. Ёс зүйн дэгийн байнын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд, УИХ -д танилцуулаад олонхиороо дэг тогтоогоод явах боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Энэ хариуцлагын асуудал. Анх танхимд цугласнаас хойш л хариуцлага ярьсан. Хоригтой холбоотойгоор өнөөдөр хамгийн том хариуцлага ярих ёстой хүн Сангийн сайд. Сайд нарын чиг үүргийг хуульд тодорхой заасан. Эдийн засгийн төлөв байдлыг судална, Ирээдүйг нь төсөөлж, бодлогоо боловсруулж орно гэж заасан байгаа. Хэдэн засаг дамнаж Сангийн сайд хийж байгаа билээ. Үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль төсөв сангийн үүдэнд сууж байгаа   тантай шууд холбоотой. Төсөв анх өргөн барих үеэс л Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитор, эдийн засагчид хэлж л байсан.

Хэнийг ч сонсдоггүй, эцэст нь хориг тавиулаад Засгийн газар, УИХ нь эвгүй байдалд орчихсон сууж байдаг.

Анх төсөв оруулаад ирэхэд л болохгүй байна гэдгийг хэлсэн. “Болж байна” гээд зүтгээд байсан. Хориг тавиаар “Харин тиймээ” гээд сууж байдаг. Монгол төр тоглоом биш ш дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд бие даагаад сайд нартаа хариуцлага тооцох эрхтэй болсон.

Одоо Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй.

Олон жил харлаа ш дээ, оруулж ирж байгаа төсөв, гарч байгаа үр дагаврыг нь. Төсвийн тэлэлт, урсгал зардал тэр чигтээ хувийн хэвшлийн санхүүжилт гээд байгаа. Хувийн хэвшлээ дэмжиж байгаа гээд байгаа. 220 мянган ААН байна, 70 мянга гаруй нь НӨАТ төлөгч. Төрийн зарлаж байгаа тендерийг дарга дагасан 6000 компани авч хийж байгаа. Дарга нарын л мөнгө ш дээ, энэ танхимд сууж байгаа дарга нарынх.

Ийм хариуцлаггүй Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй, олон нийт шаардах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг үндэслэлтэй гаргалгаатай гаргасан. Ирэх онд нийгэм, эдийн засаг, төсөв санхүүд үүсч болох маш том эрсдэлүүд байсан. Энийг эсэргүүцсэн цөөн гишүүдийн нэг. Харамсалтай нь, хүч түрээд Засгийн газраас өргөн барьсан төсөвт нэг хувь ч хүрэхгүй өөрчлөлт орсон. Загсийн газар сайн ч төсөв өргөн барьж болно, муу ч төсөв өргөн барьж болно. Гагцхүү УИХ хэлэлцэж, эрсдэлгүй, эдийн засгаа тэлэх үр өгөөжтэй байлгах нь бидний л ажил. Шат, шатандаа асуудал гарлаа. Хориг яах аргагүй улс орныг бодсон шийдвэр хүлээж авна гэдгээ хэлсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд дүгнэлт хийгээд цаашдаа ийм байдал үүсгэхгүй байхад анхаарах ёстой.

Монголбанкны Мөнгөний бодлого төсөвтэй нийцсэн үү. Дархлаатай байх, УИХ -ын гишүүд саналаа өгөх боломж бүрдсэн үү. 2026 оны төсөв дахиад жилийн дараа орж ирнэ,  дахиад өнөөх асуудал нь үүснэ. Магадгүй татвар шимтгэл өсөхийг ч үгүйсгэх аргагүй. Ирэх жилийн хугацаанд зайлшгүй хэд, хэдэн реформыг хөндөх ёстой болж байгаа.

Эдийн засаг  бизнес дэх төрийн оролцоо, төрийн өмчит үйлдвэрийн газар бүгд алдагдалтай. Азтай нь, нүүрс, эзсийн үнэ өндөр болохоор л яваад байгаа. төрийн алба шууд болон шууд бусаар 300 мянган хүн байгаа байхгүй юу.Нийт жилийн урсгал зардлын дийлэнх хувийг аваад явчихдаг. Тэгэхээр Яах аргагүй эдийн засгийн суурь систем дээр реформын асуудал хөндөхөөс аргагүй болчихсон. Дахиад л давтагдана, дахиад л урсгал зардалтайгаа тэмцэдг асуудал үүсснэ. Ард иргэд энэ парламентад итгэж байгаа юм байхгүй.  

Учиргүй мундаг төсөв оруулж ирлээ, бид алсын хараатай, хөгжлийг хурдасгах зоригтонгууд гээд сүр сүр юм яриад байсан.

Цээжээрээ төсвөө хамгаалаад УИХ аас гараад явсан. Бараг 28 нь сайд байгаа, давхар дээлтэй. нэг сайд нь хоёроос гурав нь халаасны гишүүнтэй, хүч түрээд явдаг. Сайд нар чуулгандаа үбтэн суугаад санал хураалтад оролуцдоггүй байх боломжуудыг бид хармаар л байгаа юм.

Цаашдаа төсөв хэлэлцэх дэгээ харъя, мэргэжлийн байгулулагуудын байр суурийг сонсъё. МҮХАҮТ ийн гишүүдийн байр суурийг нь сонсох ёстой. Бизнес эрхлэгчдийн нурууг яаж тэнийлгэж боломж олгох юм. Тэвчиж болох зардлыг хасах л ёстой. Ийм л снаал хэлэх гэсэн юм. Төсвөө гол нь яаж хэлэлцэх вэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Энэ парламентад нэг том  онцлог гарч ирж байгаа. Үндсэн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, гаргаж байгаа шийдвэр илүү тунгалаг байх, хуулиа чамбай болгох тал олон талаас бүрдэж байна. Зарим нэг дэгийн зохицуулалттай холбоотой асуудлаас болж алдаа дутагдал гаргах, хоцрох асуудал байгаад байна. Төсөв өргөн барьснаас хойш алдагдлаа бууруулъя, үр ашгаа дээшлүүлье гэдэг асуудлыг тавьж байсан.

УИХ дэгээ яаж цэгцэлж, төсвөө яаж баталж, төсвийнхөө үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр гишүүд илүү санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Ёс зүйн дэгийн байнгын хороо гишүүдийн өргөн оролцоотойгоор шийдэх хэрэгтэй.

ХуваалцахЖиргэх

15 : 13

2024-11-22

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.11.22) хуралдаан эхэлж, Монгол Улсын 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хуулийн төслүүдэд бүхэлд нь хориг тавьсан юм.

Хориг тавьсан үндэслэл шалтгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгад Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй.

Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байна.

Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай. УИХ 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана.” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Төрийн тэргүүн сануулж байна гэв.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр тус бүр хуралдаж, ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэнийг нэр бүхий гишүүд танилцууллаа. 

Үүний дараа гишүүд асуулт тавьж, хариулт авч эхлээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *