Нийслэлийн захирагчийн албаны томилолт, зочны зардал хоёр дахин нэмэгдэж 3.2 тэрбум болжээ
Төр төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, УИХ Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг 2022.04.29-ний өдөр баталж, 2025.01.01-ээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Гэвч УИХ-аас баталсан төсвийн хэмнэлтийн бодлого Нийслэлийн 2025 оны төсвийн зарлагын төлөвлөгөөний төсөлд тусгалаа олсонгүй.
Өөрөөр хэлбэл, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.6-д улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр албан томилолтод явахыг хориглосон. Тодруулбал, тус хуулийн 9.3-т “Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг албан томилолтоор ажиллуулсан байгууллага төсөвлөж олгосон тохиолдолд энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтнаар төлүүлэхийг хориглоно” гэсэн байгаа юм.
Гэтэл нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчид 2025 онд томилолт, зочны зардалд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь 2024 оны томилолт, зочны зардалтай харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт байна.
Дээрх зардлыг задалж харвал, гадаад албан томилолт 1 тэрбум байсан бол 2 тэрбум, дотоод албан томилолт 56 сая байсан бол 154 сая, зочин төлөөлөгч хүлээн авах зардал 766 сая байсан бол 1.1 тэрбум болж тус тус өссөн байна.
Нийслэлийн төсөв нийслэлд амьдарч буй 1.8 сая иргэний татвараас бүрддэг. Гэвч нийслэл ирэх онд иргэдээс авах татварыг зүйл бүрээр нэмж, төсвийн хэмнэлтийн тухай хуулийг үл тоож, төсвийн зарлагаа ийн нэмж буй нь хууль зөрчсөн явдал юм.