Амьтны сэгийг шууд бордоо болгох нь байгаль орчинд сөрөг үр дагавартай гэв
Дархан-Уул аймагт буудаж устгасан нохойг мод тарих нүхэнд хийн булж буй бичлэг энэ сарын 19-нд цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнууд “Аймагт жилд дөрвөн удаа золбин нохой,
муур устгах ажил зохион байгуулдаг. Өмнө нь устгасан амьтдын сэг зэмийг хогийн цэгт нэгдсэн журмаар булдаг байсан. Харин энэ удаагийн устгал мод тарих ажилтай давхацсан тул зарим эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн, устгасан 10 нохойг хөрсний бордоо болгон ашиглахаар модны нүхэнд булсан юм. Мод нь амьтны сэг зэмээр тэжээгдэн ургах чадвартай тул ийнхүү туршиж үзэхээр шийдсэн. Цаашид энэ аргыг
хэрэгжүүлэх эсэх талаар эцэслэн шийдээгүй бөгөөд одоогоор эдгээр 10 модыг тэмдэгжүүлж, ургалтын явцыг нь ажиглаж байна” гэв.
Хэдийгээр орон нутгийн ажилтнууд үүнийг туршилт хэмээж буй ч биологи, экологийн шинжлэх ухааны судалгаа огт өөр үр дүнг харуулдаг байна. Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар амьтны цогцос задралын эхний үе шатандаа шууд бордоо болж чаддаггүй, харин ч ургамалд хортой нөлөө үзүүлдэг аж. Задралын явцад ялгарах шингэн, азотын өндөр агууламж болон шавжийн авгалдай нь ургамлын үндсийг гэмтээж, ургалтыг сааруулах, улмаар үхэлд хүргэх магадлалтай гэж үздэг байна. Тиймээс амьтны сэг зэмийг шууд бордоо болгон ашиглах нь шинжлэх ухааны үндэслэлгүй, харин ч байгаль орчинд сөрөг үр дагавартайг сануулав.