Т.Батцогт: МАН-ынхан өөрсдөө НИТХ-аа тараая гэдэг зүйлийг өмнө нь ярьж байсан
Эх сурвалж: Өдрийн сонин
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.
-Таны хувьд НИТХ-ыг тарах хэрэгтэй гэсэн байсан. Шалтгаан нь юу байна вэ?
-Сүүлийн хэдэн сарын хугацаанд манай НИТХ-ын хуралдааны ирц хангалттай байсангүй. Нийтдээ уг нь 45 төлөөлөгчтэй. Улаанбаатар хотын есөн дүүргээс хотын иргэдийн асуудлыг шийдэх гэж сонгогдсон хүмүүс. Харамсалтай нь энэ хүмүүсийн бараг гуравны хоёр нь нийслэлээс ажил, албан тушаал авчихсан. Уг нь бол нийслэлийнхээ иргэдийн дуу хоолой болоод нийслэлийн Засаг дарга, агентлагт хяналт тавих үүрэгтэй. Гэтэл хуульд хориглоогүй учраас орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцаад ажиллаж байгаа. Энэ чинь нийслэлийн Засаг даргаасаа хамааралтай болчихож байгаа юм. Ингээд зарчмын зөрүүтэй асуудлууд гарч байна. Уг нь бол Засаг даргадаа хяналт тавих ёстой ч дор нь очоод ажил авчихсан учраас Засаг даргадаа хянагдаад явж байгаа. Тийм болохоор хуралдаа суухгүй байна. Бүгдээрээ биш л дээ, хуралдаа суудаг, ажил аваагүй төлөөлөгч нар байгаа.
Тийм учраас л би асуудлыг хөндөж байгаа юм. Саяхан МАН-ынхан өөрсдөө НИТХ-аа тараачихсан ч яадаг юм гэдэг зүйлийг ярьсан. Манай улс бол парламентын тогтолцоотой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж бий. Түүгээр Иргэдийн хурал асуудлыг бие дааж шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл өнөөдөр Иргэдийн хурал, Засаг дарга Ерөнхий сайдаас шууд чиглэл авч байна.
-Сүүлийн гурван ч хотын дарга шууд томилгоогоор очсон биз дээ?
-Шууд томилгоо, чиглэл гээд явж байна. Тэгвэл Иргэдийн хурал гэж байгаад яах юм. Зүгээр л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм уу, яам болчих л доо. Иргэдийн хурал гэж иргэдээ хуураад явах ямар хэрэг байгаа юм. Нийслэлчүүд 2024 оны орон нутгийн сонгуульд МАН-д итгэл үзүүлсэн. Тэд утаагүй, түгжрэлгүй болгоно. Амьдрал ахуйг нь сайжруулна, хотоо хөгжүүлнэ гэсэн амлалтууд өгсөн. Ингээд үнэмлэхүй олонх болсон. АН-д таван суудал өгсөн. Мэдээж биднийг сонгосон хүмүүс мөрийн хөтөлбөрийг маань л харсан байх. Түүнээс биш сөрөг хүчин хийгээрэй гэж сонгоогүй. Тиймээс бид хотын иргэдийн төлөө ажиллах ёстой юм. Мэдээж бид сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Болохгүй байгаа асуудал дээр дуу хоолойгоо илэрхийлж, засаж залруулахыг бодно. Харин болж байгаа ажлыг бид дэмжих ёстой. Түүнээс биш чагтлан эсэргүүцэж болохгүй шүү дээ. Гэтэл 2024 онд ялалт байгуулсан МАН богинохон хугацаанд ИТХ-ынхаа даргыг аваад хаячихлаа. Залгуулаад Засаг даргаа огцруулчихлаа. Ингэхээр чинь одоо ард түмэн хэнд итгэх юм. Эднийг чинь ажил хий гэж л ард түмэн сонгосон. Улс төрийн намуудад дотоод дүрэм, журам гэж бий. Ялсан намын дарга нь засгаа хийгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Гэтэл одоо чинь ийм зүйл байхгүй болж байна. Зүгээр л МАН-ын цагаан байрнаас буюу Удирдах зөвлөл гэсэн хэдэн нөхөр тойрч сууж байгаад нийслэлийн 1.5 сая иргэний асуудлыг шийдвэрлэж байна. Тэгвэл ийм Иргэдийн хурал гэж байгаад яадаг юм.
-Хуулиараа нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулчихаж болох юм уу?
-Энэ хуулийг 2022 онд МАН-ынхан өөрчилчихсөн юм. Хуучин бол ИТХ хуралдаад Засаг даргаа сонгоод Ерөнхий сайд батламжилдаг байсан. Харин одоо бол эсрэгээрээ болсон. Ерөнхий сайд нь эхэлж Засаг даргыг өргөн барьж батламжлаад хамгийн сүүлд хурал руу оруулдаг болгочихсон. Үүнийхээ горыг өөрсдөө амсаж байна. Нэг том факт байгаа юм.
-Тэр нь юу вэ?
-Нийслэлийн 2024 оны орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 42.3 хувь нь л санал өгсөн. Ардчилсан нийгэмд асуудлыг 50 дээр нэмэх нь нэг хувиар шийддэг. Тэгэхээр өнөөдрийн ИТХ чинь иргэдийнхээ 50 хувийн саналыг авалгүйгээр бүрдчихсэн.
-Баасан гарагт сонгууль хийлээ гээд тухайн үед шуугьж байсан?
-Эрх барьж байгаа МАН хуульд өөрчлөлт оруулаад сонгуулийг баасан гарагт хийсэн. Нэмээд санал авах цагийг 20 цаг болгож, ирцгүй болгосон. Өмнө нь ирцэндээ хүрээгүй бол дахин сонгууль явуулдаг байсан. Ийм асуудлууд байна. Өнөөдөр нийслэл дээр засаглалын хямрал үүсчихсэн нь үнэн шүү дээ. Иргэдийн хурал нь хуралдаж чадахгүй байна. Төлөөлөгч нар нь ажил, албан тушаалд томилогдсон. Зөвхөн сандал суудлын зодоон болж байна. МАН-аас болоод бүхэл бүтэн нийслэлийн ажлууд гацаж байгаа. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гээд тавьчихсан. Энэ бол тийм шийдвэртэй алхам биш шүү дээ. Ийм асуудлууд байгаа учраас нөхдүүд өөрсдөө ч хурлаа тараая гэсэн. Би ч гэсэн тараая л гэж байна. Энэ саналаа ч гаргасан. Тараагаад дахин сонгуулиа зарлая. Нийслэлийн иргэд 50 дээр нэмэх нь нэг хувийн ирцтэйгээр дахиад сонгуулиа өгөх хэрэгтэй. Өчигдөр/уржигдар/ Иргэдийн хурлын зөвлөл хуралдаад дараагийн хуралдааны товыг энэ сарын 26 гэж гаргасан байсан. Ээлжит бусаар хуралдаад дараагийн Засаг даргынхаа асуудлыг ярина гэнэ. Хэн ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ сонгогдсон энэ танхимаасаа Засаг даргаа томилж чадахгүй бол юу ярих вэ дээ. Гаднаас хүн томилно гэсэн мэдээлэл явж байна. Төлбөр төлөөд сошиалаар баахан явуулж байна.
-Тэр яригдаж байгаа хүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Эрх барьж байгаа намын л асуудал шүү дээ. Би бол Ардчилсан намын, Баянзүрх дүүргийн иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон төлөөлөгчийн хувьд тэр хуралдаан дээр ямар ч байсан байр сууриа илэрхийлнэ.
-ИТХ руу шинэ Засаг даргын нэр орж ирээд санал хураах уу, үгүй юу. Эсвэл шууд Ерөнхий сайдын томилгоогоор явах юм уу?
-Иргэдийн хурал дээр нэр орж ирэх ёстой. Заавал Иргэдийн хурлаар орж хэлэлцүүлэгдэж, санал хураалгаж, баталгаажих учиртай. Гэхдээ эхлээд цагаан байрандаа, намын дарга нь шийдчихээд байна.
-Санал хураалгана гэхээр Ерөнхий сайдын оруулж ирсэн хүнийг ИТХ дэмжихгүй байх боломжтой юм байна, тийм үү?
-Тийм боломж бол байгаа.