Глобаль сангийн 8 дугаар ээлжийн төслийн санал боловсруулах ажлын хүрээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Монгол Улс Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх төсөлд 2003 оноос үе шаттайгаар хамрагдаж, 2003-2026 онд нийт 115,0 гаруй сая ам.долларын санхүүжилт авч, үндэсний хариу арга хэмжээндээ зарцуулан ажиллаж ирсэн байна.
Монгол Улс дундаас дээш орлоготой орны ангилалд шилжсэн тул 2030 оноос эхлэн ДОХ, Сүрьеэтэй тэмцэх үндэсний хариу арга хэмжээнд дотоодын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг жил бүр тусгах, анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай болж байна.
Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл нь Эрүүл мэндийн яамтай хамтран, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Глобаль сангийн 8 дугаар ээлжийн төслийн санал боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд оролцогч талуудын саналыг хэлэлцэж, нэгтгэх зорилготой үндэсний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн түншүүд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, мөн төслийн салбар хүлээн авагч байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцож, санал солилцов.
Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, Үндэсний зохицуулах зөвлөлийн иргэний нийгмийн салбарыг төлөөлсөн дарга Б.Туяа нар нээж үг хэлэн, Глобаль сангийн дараагийн санхүүжилтийн мөчлөг буюу 2027-2029 онуудад ДОХ, сүрьеэгийн хариу арга хэмжээний чиглэлээр хэрэгжих хөтөлбөрийн үндэсний тэргүүлэх чиглэл, хэрэгцээг тодорхойлоход энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэ, ХДХВ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр оролцогч талууд идэвхитэй ажиллаж, цаашдын санхүүжилтийн саналд тусгах талаар санал дэвшүүлэв.
Энэхүү хэлэлцүүлэг нь Глобаль сангийн 8 дугаар ээлжийн төслийн санал боловсруулах үйл явцад оролцогч талуудын оролцоог хангах, ил тод, хамтын шийдвэр гаргалтыг дэмжих чухал алхам болсон.
