Монголын төрд Х.Нямбаатаргүй юм алга
Монголын төрд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шиг хэрэгтэй хүн алга уу, түүнээс өөр ажил хийж чадах сайд, дарга олдохгүй байна уу. Эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл учраас ганц итгэлт хүн нь болоод байна уу. Ямартаа ч хоёр сайдын албыг давхар хашихаас эхлээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүхий л том ажлыг Х.Нямбаатар сайд ахлан ажилладаг боллоо.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж “Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах, бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томилжээ. “Нүүрсний хулгай”-н сонсгол нийгэмд хамгийн их хүлээлттэй байгаа. Өмнө байгуулсан түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд орсон учраас ийнхүү бүрэлдэхүүнийг шинэчлэн, шинэ ажлын хэсэг байгуулсан гэх. Мөн тавдугаар сард байгуулсан Францын Орано компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн сайд томилогдон ажиллаж байгаа. Энэ бол Оюу толгойн дараа орох, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай томоохон төсөл. Энэ том төслийг ч мөн л Х.Нямбаатар сайдад хариуцуулсан. Өмнө нь Оюу толгой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг мөн тэр ахалсан.
Тэрээр хоёр гишүүн Төрийн ордонд гар зөрүүлэхэд хүртэл Хууль зүйн сайд очиж, зохицуулна, иргэд гудамжинд жагсахад тэр Засгийн газраа төлөөлж гарна, ярина. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шувуу ажиллагааг ахлан ажиллаж өөрийн биеэр Филиппин улсаас намын нөхөр Т.Бадамжунайг авчирсан. Энэ мэт тоочоод байвал Монголын төрд Х.Нямбаатаргүй юм алга.
Өнгөрсөн онд cайд нараас хамгийн олон Ажлын хэсэг ахлан ажилласнаараа Х.Нямбаатар тэргүүлж байв. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын захирамж шийдвэрийн дагуу байгуулагдсан комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсэгт УИХ болон Засгийн газрын гишүүд орж ажилладаг. Тэгвэл УИХ-ын гишүүд болон сайд нарын дээрх бүрэлдэхүүнд багтаж ажилласан байдлын талаар судалгаа хийхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танхимын сайд нараасаа, гишүүний хувьд ч хамгийн олон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, мөн ажлын хэсэг даргалж ажилласнаараа тэргүүлж байсан юм. Тэрээр өнгөрсөн онд нийтдээ 53 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласнаас 22-ыг нь даргалж, дөрвөн ажлын хэсэгт дэд даргаар, бусдад нь гишүүнээр ажилласан гэсэн дүн гарчээ. Мөн онд Ерөнхий сайдын захирамжаар “Ажлаа хий” жагсагчдын шаардлагыг судалж, шуурхай хариу тайлбар өгөх Ажлын хэсгийг мөн л Х.Нямбаатар даргалж ажилласан. Ганц ажлын хэсэг, дэд хороогоор зогсохгүй Засгийн газраас өргөн барьж буй гол хуулиудын Ажлын хэсгийг ч ахлан ажиллаж байгаа.
Хууль зүйн сайд, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсгүүдээс дурдвал:
-“Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах, бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч
-Францын Орано компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Ажлын хэсгийн ахлагч
-Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн дарга
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны дарга
-Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн дарга
-Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн дарга
-Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны дарга
-Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, МУ-ын ЗГ-т холбогдох арбитрын маргааны хууль зүйн үндэслэлийг судалж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, ЗГ-ын байр суурь, чиглэлийг хамгаалах Ажлын хэсгийн дарга
-“Оюу толгой ордын ашиглалтад МУ-ын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019.11.21-ний өдрийн 92-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэн хувилбарыг ЗГ-ын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
-Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг бурууулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
-Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
-Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх Ажлын хэсгийн ахлагч
-Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаа хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлагч гээд Хууль зүйн сайдын ахалсан ажлын хэсгийг бүгдийг нь дурдана гэвэл дуусахгүй нь.
Гэхдээ Х.Нямбаатар сайд хэчнээн мундаг ажилладаг байлаа гээд нэг хүнд ийм олон ажил хариуцуулах нь ажлын үр дүнд нөлөөлж л таарна. Нөгөө талд бүхэл бүтэн улсын Засгийн газрын нэр хүндэд сэв сууна. Бүх л галтай асуудлыг барьж авдаг ганцхан мундаг сайд-боловсон хүчинтэй баймааргүй юм. Сайн сайн гэхээр сахлаа будав гэгч болох вий дээ