Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо
Билгийн тооллын 17 дугаар жарны “Үзэсгэлэнт” болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны дунд шар морь сарын шинийн 7-ны хүчин төгсөх барилдлагатай хоёр хар Хөх бар энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөснөөр Их хар сүлдийг төрийн цэргийн дүрмийн дагуу Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.