Хуульчдад хүлээлгэх хариуцлагыг уян хатан болгосон
Нийтэлсэн: 6 сар өмнө

Өнгөрсөн сарын 6-8-нд хуралдаж завсарлаад байсан Хуульчдын анхдугаар Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин үргэлжилсэн.Их хурлын хуралдаан сар шахам завсарласан шалгаан нь Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэлэлцүүлэх батлахтай холбоотой байсан юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр үргэлжилсэн Их хурлаараа дүрмээ баталгаажуулж, зөвлөлийн гишүүдээ сонгосон байна. Энэ талаар өчигдөр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.


-Хуульчид анх удаа дүрэмтэй болж байна уу?
-Урьд нь мэргэжлийн ёс зүйн хариуцлагатай холбоотой дүрэм байсан. Шүүгчдийн ёс зүйн дүрмийг шүүхийн байгууллага нь поркурорынх нь Поркурорын ерөнхий газраас батлаж мөрдүүлдэг байсан. Гэхдээ энэ дүрмүүд  тухайн байгууллага дээр л тавигдах шаардлагуудыг тусгасан байсан. Шинэ дүрэм бол Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй нийт хуульчдын мэргэжил, хариуцлагын ёсзүйг нэг стандартад оруулж өгсөн. Урьд нь үйлчилж байсан дүрмүүдтэй харьцуулахад эрс шинэчлэл хийж чадсан. Энэ дүрэмд ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг нэлээд өндөр зааж өгсөн.


-Дүрмийг зөрчсөн, биелүүлээгүй хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хариуцлагыг нэлээд уян хатан болгож өгсөн. Хуучин бол тодорхой хугацаагаар эрхийг нь хасна, ажлаас нь чөлөөлнө, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог байсан. Одоо бол хариуцлага тооцно гэхээс илүүтэй хуульчдыг соён гэгээрүүлэх шинжтэй болсон. Сануулах, гаргасан зөрчилд нь тохирсон хэмжээний ёс зүйн албадан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авна. Мэдээж, гаргасан зөрчил, учруулсан хохирлоос нь хамаараад хариуцлагын хүнд хэлбэрийг ч сонгох болно.


-Энэ дүрмийн хэрэгжилтийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо хянах уу?
-Тийм ээ. Энэ хороо нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрмийн хэрэгжилтийг хангах, ёсзүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зохих шийдвэрийг гаргах эрхтэй байгууллага юм. Даргаар нь Улсын ерөнхий поркурорын орлогч Б.Эрдэнэбат ажиллахаар сонгогдсон. Энэ хороо 30 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тэдний 18 нь шүүгч, зургаа нь поркурор, зургаан нь өмгөөлөгчдийн төлөөлөл байгаа. Шүүгчдийн төлөөллийг поркурор, өмгөөлөгч хоёр сонгосон.


-Үүнээс болоод маргаан үүссэн гэлүү?
-Ямар ч маргаан гараагүй. Харин сүүлийн гурван жил ямар ч ёсзүйн болон мэргэжлийн хариуцлага хүлээгээгүй хүн энэ хорооны гишүүн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнээс болж хоёр хүн хасагдаж, дараагийн санал авсан хоёр нь орж ирсэн юм.


-Хороодын дарга нарыг сонгохдоо ямар шалгуур тавьсан юм бэ?
-Хороодын гишүүдийг бүрдүүлж, тэдний дунд сонгууль явуулсан. Хорооны гишүүд нь даргаа сонгосон гэсэн үг. Мэдээж, тэргүүлэгч хүнээ сонгосон байх. Тэгээд сонгогдсон хүмүүсийг нь Их хурлаараа батламжилсан юм. Шүүгчдийн хорооны даргаар Ц.Цогт, Поркуроруудын хорооны даргаар Б.Үнэнбат, Өмгөөлөгчдийн хорооны даргаар Ц.Сүхбаатар, Үндсэн хуулийн эрхзүйн хорооны даргаар Б.Гүнбилэг, Төлбөрийн чадваргүй иргэдэд эрхзүйн туслалцаа үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны даргаар Э.Сугар-Эрдэнэ нарыг томилсон.


-Эдгээр хорооны дарга нар нь өөрсдийн гэсэн хариуцсан албан тушаалтай хүмүүс. Тэгэхээр хорооны ажлыг давхар хийж болно гэсэн үг үү?
-Эдгээр хороод нь сайн дурынх. Өөрөөр хэлбэл, цалинтай, орон тооны хүмүүс биш. Тийм болохоор болно.


Б.Азаа
 



Сайт таалагдаж байвал лайк дараарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Mnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг Mnews.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
Хэрэглэгчийн нэр:

Сэтгэгдэл бичих:
Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл