“Хөөс”-тэй төсвийн хөрөнгө оруулалт царцах нь
Нийтэлсэн: 12 сар өмнө

Ирэх жил Монгол Улс хэдий хэрийн хөрөнгө оруу¬лалтаар бүтээн байгуулалт хийх гэж буй нь төсөв хэлэлцэж буй энэ үед анхаарал татах сэдэв.


Засгийн газраас ирэх жил 1.1 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлэх төсөл боловсруулсан. Гэхдээ энэ нь хийгдэх бүтээн байгуулалтын нийт өртөг биш. Нийт 2.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудаас ирэх жил 1.1 их наядыг нь санхүүжүүлэх юм. Өргөн барьсан төслөөс харахад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дулааны шугам сүлжээ зэрэг нийгмийн чанартай ажлуудад дийлэнх нь зарцуулах бололтой.


Ямар сайндаа л Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр төсөв ерөнхийлөн захирагч нараас хамгийн “хэтэвч зузаан”-тай нь хэмээн бусад сайдууд ярьж байх вэ.  Гэвч Засгийн газрын төлөвлөсөн хөрөнгө оруулалтын заримыг нь УИХ царцаах бололтой. Учир нь Ерөнхий сайдын хэлсэнчлэн 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтаас урьдын адил “авлига” үнэртэж эхэлжээ. Ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн УИХ 289 объектыг аудитын байгууллагаар хянуулахаар өгсөн. Мөн АТГ-т ч хандсан сурагтай. Харин хариуд нь “Зайлшгүй хянах, шалгах объектууд байна. Хянахад тодорхой цаг, хугацаа шаардлагатай” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд 2013-2014 онд тусах ёстой 181 объектод шалгалт хийхийн тулд ирэх оны төсөвт суусан хөрөнгө оруулалтыг нь “царцаая” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Эдгээрээс 46-г нь бүр мөсөн зогсоох гэнэ.


Одоогийн байдлаар УИХ дахь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд энэ асуудлаар тохирсон гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Ингэснээр 289 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардаж байсан 181 объект “хугацаа нь хэтэрсэн”, “төсөвт өртөг нь огцом өссөн”, “ажил нь хийгдээгүй” зэрэг шалтгаанаар ирэх оны төсвөөс хасагдаж байна. Харин шинэ оны эхний улиралд багтаан гаргасан аудитын дүгнэлтээс шалтгаалж дараа жилүүдэд дээрх объектуудын “хувь заяа” шийдэгдэх нь.


Гэхдээ нэгэнт хууль болоод батлагдсан, зарим талаараа ажил нь  эхэлчихсэн  хөрөнгө оруулалтыг ийнхүү олноор царцаах нь дотоод эдийн засагт хохиролтой. 2014 оны төсөвт тоног төхөөрөмж, тавилга, төрийн албан хаагчдын унаа унш, хангамжийн талаар чамлахааргүй мөнгө суусан. Зөвхөн албан байгууллагуудын тавилга, техник хэрэгсэл авахад зориулагдсан төсөвт өртгийг танахад 200 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо бий. Энэ зардал дээрх 181 объектийн их талыг нь санхүүжүүлж дөнгөх мөнгө.


Ирэх жил манай улс 7.2 их наяд төгрөгийн зарлагатай, 6.8 их наядын орлоготой байхаар тооцоолсон.Харин алдагдал нь 410 тэрбум төгрөг байх нь. Энэ нь Монгол Улсын ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ төлөвлөсөн орлогоо олж чадах эсэх нь ирэх жил дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ ямар байхаас ихээхэн шалтгаална. Харин Сангийн яам 2014 онд зэс 6242, боловсруулсан нүүрс 115.2, коксжих нь 81.6 ам.доллар байхаар тооцсон байгаа. Хэрэв эдгээр түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр буурвал төсвийн орлого дутаж таарна. Хэт өөдрөг төсөөлөл эдийн засгийн үзүүлэлтийг эмзэг болгож орхидгийг бид 2013 оны төсвөөс харсан.

Өнгөрсөн жил боловсруулсан хийгээд коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин унаж, төсвийн орлого 1.5 их наядаар дутаж, яаралтай тодотгол хийсэн саяхны туршлага манайд бий. УИХ дахь олонхийн зүгээс зарим хөрөнгө оруулалтыг хөөстэй хэмээн цоллож, царцаах шийдвэр гаргаж байгаа нь төлөвлөсөн орлого орж ирэхгүй байх талтайг баталж байж ч мэднэ.


Б.Энхжаргал
 


Сайт таалагдаж байвал лайк дараарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Mnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг Mnews.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
Хэрэглэгчийн нэр:

Сэтгэгдэл бичих:
Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл