2017/05/28 Улаанбаатар
2016 оны 12 сарын 10

Холливудын од Стивен Сигал Оросын иргэн болж, Путины гараас иргэний үнэмлэхээ гардаж авсныг та бүхэн мэднэ. Тэрбээр Оросын телевизийн алдартай хөтлөгч Андрей Малаховын нэвтрүүлэгт гэргий Батсүхийн Эрдэнэтуяатай хамт оролцлоо.

Түүнээс яагаад Оросын иргэн болсныг асуухад Сигал “Энэ бүхэн эцгийн маань гэр бүлтэй холбоотой. Аав минь Оросын Владивосток хотын хүн. Түүнчлэн манай хамаатнууд Сибирьт амьдардаг, зарим нь Белорусс улс, Санкт-Петербург хотод ч бий. Би саяхан ДНК-ийн шинжилгээ хийлгэсэн, тэгтэл миний өвөг дээдэс Байгаль нуурын хавьцаа, Якутад амьдарч явжээ" гэж ярилаа. Түүнчлэн Стивен Сигал “Байгаль нуур бол манай гарагийн хамгийн гайхалтай, ер бусын газрын нэг. Би боломж гарвал дуртайяа тийшээ очиж байх болно" хэмээжээ. 

Эрдэнэтуяа нэвтрүүлгийн үеэр нөхрийнхөө тухай ам нээхдээ “Би анх 2002 онд Стивенийг хараад ямар сайхан эр вэ гэж бодсон, түүнээс цаашгүй. Бүх зүйл ингэж эргэнэ гэж ёстой санаанд ч ороогүй” хэмээв. Түүнчлэн Эрдэнэтуяа “Гаднаас нь харахад Стивен хатуу, ширүүн мэт боловч гэртээ огт өөр хүн. Орон гэртээ түүний нүүр царайны хувирал, байдал ч тэс өөр. Тэр маань дотроо их зөөлөн, энхрий ялдам. Ямар ч гэсэн тэр кинон дээр үзүүлдэг бүхнээ над дээр сургуулилж байгаагүй” гэж хошигножээ. 

Оросын шинэхэн иргэн Стивен мөн хүүгийнхээ тухай ярилаа. Тэдний хүү Кунзан одоо 7 настай, дорны тулааны урлагаар хичээллэдэг юм байна. Доод зурган дээр Кунзаны даахь үргээх найрны зургийг үзүүлэв. Энэ талаар Эрдэнэтуяа “Энэ бол манай Монголын эртний уламжлал. Хүүхдээ тодорхой насанд хүрсний дараа даахийг нь үргээдэг юм. Шашны энэ ёслолыг хүүхэд бүрд заавал үйлддэг” гэж тайлбарлажээ. Уг нь даахь үргээх шашны ёс биш л баймаарсан, Монгол үндэстний зан үйл биз дээ? Гэхдээ л Эрдэнэтуяа маань Холливудын одын үр удмыг монгол уламжлалд сургаж байгаа нь сайшаалтай. 

Манай хүргэн Стивен Сигал иргэншлээ сольж Оросын иргэн болсон нь цаанаа далд санаатай болохыг нэвтрүүлгийн үеэр цухуйлгаад авав. "Би дипломат үйл ажиллагаанд оролцох сонирхолтой. Мөн удахгүй Орост кино зураг авч эхэлнэ гэж найдаж байгаа. Би санхүүжилт олж энд найз нөхдийнхөө хамт кино хийнэ. Түүнчлэн бид соёл, урлагийн салбарт “Тамерлан” зэрэг олон төсөл дээр ажиллах болно" гэж Стивен Сигал мэдэгдлээ.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mon huu IP: 150.129.140.67 2016 оны 12 сарын 10

    tom luivarchin yum daa
  • gggg IP: 66.181.191.11 2017 оны 01 сарын 08

    Sain jujigchin saihanch huuhentei suujde huuhdene buur hoorhon yum Tom bolood Kino od blno bizde
Сэтгэгдэл