2017/07/27 Улаанбаатар 28º
2017 оны 02 сарын 10

"Америкийн 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо өөрчлөн байгуулалт хийж байна. Трамп бол Америкийн Горбачев" гэж Оросын тоймч Дмитрий Нерсесов мэдэгдлээ. Михаил Горбачев бол Зөвлөлт Холбоот улсын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч гэдгийг та нар санаж байгаа байх.

Дэлхийн хуурай газрын зургааны нэгийг эзэлсэн Зөвлөлт улсад хийсэн Михаил Горбачевын өөрчлөн байгуулалтын дүнд энэ орон задран бутарсан билээ. Улмаар дэлхийн газрын зураг дээр 15 (үнэндээ үүнээс ч олон) улс шинээр бий болсон доо. Тэгэхээр яг ийм ирээдүй Америкийн Нэгдсэн улсыг хүлээж байж мэдэх л юм. Ямартай ч Дональд Трампын гаргасан зарим шийдвэр ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. Жишээ нь Америк, Мексикийн хана. "Америк, Мексикийн хил дээр хана босгоход 21,6 тэрбум доллар зарцуулна" гэж “Reuters” агентлаг мэдээллээ. Энэ хана 2000 км үргэлжлэх ба 2020 онд барьж дуусгах юм гэнэ. Трамп энэ мөнгөө Мексикээр гаргуулна гэсэн ч нөгөө Мексикийн Ерөнхийлөгч төлөхгүй гэдгээ хэдийн мэдэгдсэн. 

"Трамп ажлаа аваад 3 долоо хонохдоо элдэв тушаал тогтоолоороо Америкийг ёстой орвонгоор нь эргүүлж байх шиг. Тэр улсынхаа гадаад дотоод бодлогыг эрс өөрчилж гарсан, бүр өөрийн Засгийн газаргүй байж. “Америк өөрчлөн байгуулалтад оржээ, Америк өөрийн Горбачевтай боллоо” гэж Оросын тоймч цохон тэмдэглэв.

3 долоо хоног өнгөрсний дараа л Трамп 24 өндөр албан тушаалтнаа томилж дуусан өөрийн багаа бүрдүүлж гүйцэв. Гэхдээ шинэ сайд нарын зөвхөн 6-г нь Америкийн Конгресс баталсан. "Харин Трамп үүнд огт санаа зовохгүй, бүрэн эрхт хууль ёсны сайд наргүйгээр өөрөө л шийдвэр гаргасаар. Үндсэн хуулийн дагуу биш ч гэсэн...  Трампын ачаар Америкийн Ерөнхийлөгч нар цаашид Үндсэн хууль, уламжлалт дүрэм журмаас гадуур улс орноо удирддаг болж магадгүй. Хэрэв тэгвэл хэдэн жилийн дараа Америк огт өөр улс болно. Супер Ерөнхийлөгчтэй энэ улсад төрийн тэргүүн нь бүхнийг чадагч Үндэсний аюулгүй байдлын газартаа түшиглэн яг эзэн хаан шиг хязгааргүй эрх мэдэлтэй болж хувирна, харин хууль тогтоогчид, шүүгчид нь супер Ерөнхийлөгчийнхөө ашиг сонирхлын төлөө дуулгавартайгаар зүтгэх болно" хэмээн тоймч Дмитрий Нерсесов өгүүлжээ. 

Орос тоймчийн "зөгнөл" биелэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл