2017/03/26 Улаанбаатар -12º
2017 оны 02 сарын 13

Америкийн Калифорни дахь Оровилл хотын далан нурж байгаа бичлэг интернэтэд цацагдлаа. Хэдхэн цагийн өмнө энэ нутгаас 130 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Хүчтэй бороо орсны улмаас далан дээр эвдрэл ажиглагдсан тул мэргэжилтнүүд "Далан задарч нурвал Оровилл нуурын ус халина" гэж сэрэмжлүүлж байсан юм. 

Калифорни муж даяар Онц байдал зарлажээ. Мужийн амбан захирагч Жерри Браун "Мужийн бүх хүн хүч, нөөцийг дайчилсан" гэж мэдэгдэв. "АНУ-ын Үндэсний гвардийн 23'000 цэрэг бэлэн байдалд орсон" гэж Америкийн Хуурай замын анги нэгтгэлийн захиргаа, жагсаалын албаны дарга Дэвид Болдуин мэдээлжээ.

Америкийн хамгийн өндөр энэ далан нуран ойчвол ойролцоох олон хот усанд автах аюултай, далангийн өндөр 230 метр. Оровилл хот болон энэ хавийн 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөснөөс хэдийн 180 мянга нь энэ нутгийг орхин явжээ. Гэтэл эзэнгүй үлдсэн Оровилл хотод хулгай, дээрэм гарч эхэлсэн талаар "АР" мэдээлэв

Лайв-Ок, Мэрисвилл, Уитленд, Пламас-Лейк, Оливхерст, Гридли, Юба-ситийн иргэд ч хэдийн орон гэрээ орхин явж байна. Зарим нь завиа авч яваа бөгөөд хэрэв аюултай бүсээс амжин гарч чадахгүй бол хэрэглэхээр зэхэж байгаа талаар "Reuters" дамжууллаа. 

Одоо Америкийн аврагчид нисдэг тэргүүдийг ашиглан шуудай шуудайгаар нь чулуу зөөж асгаж байна. Хэрэв далангийн ус асгах системийн сэтэрч зад тавьсан хэсгийг чулуугаар бөглөвөл садарч байгаа ус багасч татарна гэж тэд үзжээ. Онц байдлын штабын дарга Кевин Лоусон "Хэрэв асуудлыг одоо шийдэж чадахгүй бол жинхэнэ усан хана бууж ирнэ. Энэ бол нуураас гол урсах төдий биш харин 9 метр өндөр усан хана бууж ирэх юм" хэмээн мэдэгдлээ. Оровиллын энэ усан санд 4,3 тэрбум м3 ус бий, иймээс Калифорни тэр чигтээ живэх бодит аюул нүүрлээд байна. 

Нэмж өгүүлэхэд, "Friends of the River", "Sierra Club, "South Yuba Citizens League" гэсэн 3 байгууллагын экологичид 10 жилийн өмнөөс л иймэрхүү аюул учрахаас сэрэмжлүүлж, уг далангийн ус асгах системийн шороон хамгаалалтыг бетоноор бэхжүүлэх санал тавьж байсан гэж "Oroville Mercury" мэдээллээ. Гэвч Бага Буш Ерөнхийлөгч болон мужийн эрх баригчид тэдний саналыг үл тоомсорлон мөнгөө "нарийлжээ".  

www.mnews.mn

Сэтгэгдэл